Монголын ард түмэнд СОНОРДУУЛАХ НЬ
Wed Nov 12, 2008 11:21
Монголын ард түмэнд СОНОРДУУЛАХ НЬ
Монгол орон ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 16 жил болоход анх зарлан тунхагласан замаасаа үлэмж гажиж, улс төр, нийгмийн гүн гүнзгий хямралд орж, үндэсний үйлдвэрлэл унан, улмаар хүний эрхийн асуудал хөсөр хаягдаж, тогтолцооны сүйрэл хаяанд ирлээ. Улс төрчид нь бизнес хийн авилгажиж, доройтож, бухимдсан түмэн олон улс төржин, бизнесменүүд луйвар хийдэг боллоо. Одоогийн “Шашинжсан” төрийн луйвар, булхай, хүчирхийлэл, авилгал, тансаглал, мөн иргэдийн архидалт, ажилгүйдэл, ядуурал, хоосрол, гуйланчлал, нинжа, гэр оронгүй хаяггүйчүүд, “нүүрсчид”, траншейныхан, тэнэмэл хүүхдүүд, хогчид, улс төрийн болон амьжиргааны янхандалт, гэмт хэрэг, шоронжилт, монгол дахь хятадууд хэрээс хэтэрлээ. Амьд явах баталгаа, хариуцлагын тогтолцоо ба шударга үнэн үгүй болж, улмаар бүхнийг мөнгөөр хэмжиж, шударга бус явдал, ёс зүйн доройтол оюуны хоосрол, жалга довны үзэл нь нийгмийн хэвийн үзэгдэл боллоо. Асар их хэмжээний эд хөрөнгөтэй болон төрийн өндөр албан тушаалтай цөөн тооны хүмүүс хуулинд огт захирагдахгүй болж, өдөр тутмын үнийн өсөлтөөс нийгмийн дунд анги хоосорч !!!, дарга эздийн анги, ядуусын анги л үлдлээ !!! Ардчилалын баг зүүсэн цөөн тооны эрхтэн дархтан, луйварчдын дарангуйлал тогтож ард олны хүсэн хүлээсэн ардчилалын сураг тасарлаа. Үнэн үгийг хэлсэн хүн бүрийг ямар нэг аргаар “зайлуулдаг“ дарангуйлал хүчирхийлэл тогтлоо. Ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүс эх орноо орхин харьд дүрвэж эхлэв. Монголын эмгэнэл бодит болж иргэний дайны аюул айсуй.
1. хууль гууль болж, эрх мэдэлтнүүд хуулийг өөр өөрийнхөөр тайлбарлах нь жирийн явдал болов. Мoнгoлын нийт баялгийн 98%-ийг ард түмний өмч хөрөнгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан луйвардаж баяжсан 250 гэр бүл, мөн тэдний хамсаатан 1000 oрчим түшмэдүүд эзэмшиж, харин нийт хөрөнгийн үлдсэн 2-хон хувь нь нийт хүн амын 99,9%-д ноогдож байна. Бидний хүсэн мөрөөдөж буй тэр ардчилалд баян ядуугийн ялгаа их байдаг ч арай дээр дурьдсан шиг байх ёсгүй билээ. Тэнд луйвраар бус, зөвхөн шударгаар л хөрөнгөжих боломжтой, энэ бүхэн үнэхээр чөлөөтэй, нээлттэй. Харин манайд эрх баригчдад, тэдний намд “хандив өргөөгүй” бизнесменүүдээс элдэв шалтаг хайн дарамтлах нь бодит болжээ.
2. Энэ хугацаанд улс төр, бизнесийн бүлэглэлүүд (олигархууд) төрийн эрх мэдлийг хуваарьгүй эзэмшиж, байгалийн болон нийгмийн баялагийг хуваан цөлмөснөөр 10 хүн бүрийн 8 нь ядуу (үүнээс 3 нь нэн ядуу) амьдралтайгаар хоног өнгөрөөж байна. Нийгмийн хамгаалал, иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал гэдэг ойлголт хоосон үг болов. Бид авилгын түвшингээр дэлхийд эхний 10-т орлоо. Нэг хүнд нooгдoх байгалийн баялгаараа бид дэлхийд тасархай тэргүүлэх !!! цөөн улсын нэг атал амьдралын түвшингээр дэлхийд хамгийн ядуу 10 орны эгнээнд орж хүний амьдралын чанарын гол үзүүлэлт !!! болох дундаж наслалт 1990 онд 66 байснаа 2006 онд 63 хүртлээ буурлаа. Өнөөдөр Монголд нөөцийг нь тодорхойлсон ашигт малтмалын 700 орчим орд байгаагаас зөвхөн Оюу Толгой, Таван Толгой, Төмөртэйн 3-хан ордын нөөцийн дүн 2 триллион буюу 2000тэрбум ам.$ бөгөөд дээрх 3 ордоос олох ашгийн! 30%ийг л хувьцаа хэлбэрээр ард түмэнд зориулахад иргэн бүрт !!! жил тутам 2000 ам.$ (буюу сар бүр 167 ам.$) зарцуулах боломжтой юм.
3. Өвөг дээдсийн минь халуун амь, бүлээн цусаараа мянга мянган жил хамгаалж ирсэн газар шороо, түүний баялгийг эрх мэдэлтнүүд гадаадынханд найр тавин өгснөөр далд колончлолд орж улс орны үндэсний аюулгүйн байдал, тусгаар тогтнол алдагдаж эхлэв. Монголын нийт нутаг дэвсгэрийн 26%-ийг гадаадынхан, 26%-ийг монголын баячууд лиценз нэрээр луйвардан эзэмшиж ард түмэн бидэнд 48% нь одоохондоо үлджээ. Тун удахгүй нийт нутаг дэвсгэр минь луйварчдын гарт бүрэн орох гэж байна. Монгол улс орших уу, эс орших уу гэдэг асуудал ойрын 15-20 жилд шийдэгдэх гэж байхад төрийн толгойд гарсан луйварчид эрх мэдэл, эд хөрөнгөндөө согтож, сэрүүн зүүдлэн мэдэн будилж, “Эдийн засаг 10,6% өслөө, эзэнт гүрний 800 жил, найр наадам” хэмээн хөөрцөглөн, хуралдаа ирдэггүй гишүүдэд 36 тэрбум төгрөгөөр парламентын шинэ ордон бариулна, бараг л малчин хүүхэд дээр нь гараад малаа дурандаж суудаг ууланд 100-аад сая төгрөг зарцуулан, мэргэжлийн уулчдаар татуулж, чирүүлж, үүрүүлж гарах гэж буйгаа Эверестийн авиралт мэтээр цээжээ дэлдэн шоудаж, нэг хүнийг тахмн шүтэж, та бидний толгойг эргүүлэхийг, дэлхийг хуурахыг оролдож байна.
4. Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний өмч бoлoх байгалийн баялгийг эрх мэдэлтнүүд зөвхөн өөрсөддөө ашигтай хууль гарган хувьдаа завших нь хязгааргүй болжээ. Байгалийн сүйрэл ч хаяанд иржээ. Н.Энхбаяр Оюу Толгойн орд газрыг ашиглах лизензийг 50 сая ам.долларын зээлээр 60 жилээр гадаадынханд өгч, Сү.Батболд Бороогийн алтны лиценцзийг 35 сая ам.$-р зарж, мөн зарим эрхтэн дархтан Таван Толгой, Нарийн Сухайтын нүүрс, мөн Төмөртэйн хүдрийг хил давуулан дамлан худалдаж, өдөр тутам 50000-100000 !!! ам.$ халаасалж, коксжих нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс 20 дахин хямдаар гадагш нь зөөх мэтээр эх орныхоо баялагийг өдрөөс өдөрт улам ил тодоор луйвардан, завшиж байгааг Ц.Нямдорж, М.Энхболд, М. Энхсайхан нар ҮХЦэц, УИХ, түүнд суудалтай нам, хүчний бүх байгууллагын хамт хамгаалж байна..
5. Улаанбаатар шиг хoтыг шинээр бүтээн байгуулахад 10 тэрбум ам.$ хангалттай. Гэтэл УБ шиг 120 хотыг босгох 1200 тэрбум ам.$-ын нөөцтэй дэлхийд хoсгүй Таван Тoлгoйн коксжсон нүүрсийн oрдын лицензийг 9-хөн хүн (УИХ-ын 8 гишүүн, Сү.Батболд “Алтайтрейдинг”, Д.Идэвхтэн “Туг Сан”, Ц.Цэнгэл “Хасбуу”, Т.Бадамжунай “Меркури”, шадар сайд М.Энхсайхан “Майн Инфо”, С.Баярцогт “МСS-н 30%”, Г.Батхүү “Шунхлай”, Батж.Батбаяр “Туул Кашмир”, болон “экс” ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг”) эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувьдаа эзэмшиж байна. Таван Толгойн ордыг ашиглах зардалыг хасаад цэвэр ашгийг нь 9-д хуваахад хүн нэг бүрт 90 тэрбум !!! ам.$ ноогдож тун удахгүй дэлхийн хамгийн баян 9 хүн Монголоос “төрж” одоогийн толгой баян 50 тэрбум ам.$-н хөрөнгөтэй Билл Гейтс хол хаягдах нь ээ.
6. Албан тушаал, гавъяа шагнал, одон медалиар өөртөө татах, амыг нь хаах арга сайн үйлчилж эхлэв. МАХН-ын ба АН-ын олон дарга нарын хооронд ёс суртахууны ялгаа огт байхгүйтэй адил эдгээр намуудын бусад удирдлагуудын хоорондох ялгаа мөн л үгүй болжээ. Аль ч намын жирийн шударга гишүүд үүнтэй санал нэг байна. Хий хоосон амлагч дээрх намаас монголчууд залхаж гүйцлээ. Ард олон шударга ёсыг, шударга намыг эрэлхийлж байна. Тендер, спортын тэмцээн наадам, бөх, морь, дуу, хуур, яруу найраг гээд бүх зүйлд “ноёны бөх” ойлголт бий болж эрх баригч олигархуудын тоглоом болж байна.
7. Энэ бүхний буруутан нь эх орон, газар шороо, ард түмнээ худалдсан, ард олныхоо эрх ашгийг хөсөр хаясан, ёс суртахуунгүй эрх баригчид мөн. Тэдний шунал хязгааргүй болж, нийгмийг авилгын тороор сүлжсэнээр Монгол орныг хямрал сүйрлийн харанхуй ангалын ирмэгт авчрав. Ялзарсан төр, эрх мэдлээ хадгалан үлдэх гэж тэд үхэн хатан зүтгэж, шинэчлэгч хөдөлгөөнүүдийг хагалан бутаргах, тагнан турших, яс хаях, зарим хүмүүсийг хөрөнгө мөнгөөр эмхлэн татах, үг хэлэх хэвлэн нийтлэхийг хязгаарлах, тайван цуглааныг хүчээр тараах, жагсаал цуглааныг хуулиар хориглох зэрэг бүхий л аргуудыг хэрэглэж байна. Хэдий тийм боловч ард түмэн сэрж, үнэнийг ойлгож эхэллээ. Одоо Та бид хамтран тэмцэж, эх орон, ард түмнээ худалдсан авлигач эрх баригчдыг түлхэн зайлуулж, хариуцлага тооцон улмаар шударга, ил тод, эх оронч шинэ төр засгийг байгуулах түүхэн мөчтэй золгож байна. Үүнийг хэдий олон хүн ойлгоно төдий чинээгээр шударга ёс тогтох жамтай билээ.
“Шударга иргэдийн фронт”-ын мөрдөх зарчим
1. Улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэлээс ангид, хараат бус байх
2. Нийт иргэд болон аль ч намын эгэл жирийн гишүүдийн дэмжлэгт тулгуурлах
3. Ард түмний эрх ашиг, шударга ёсны тэмцлээс ямар ч нөхцөлд ухрахгүй байх
4. Мянга мянган жирийн иргэдийн хандив тусламжид тулгуурлан ажиллах
5. Шударга ёсны төлөө тэмцэх нам (ИЗН, НН, АТН гэх мэт) , хөдөлгөөн (ЭНИХ, ИХолбоо гэх мэт), хувь хүнтэй харилцан ойлголцож , хамтран ажиллах
“Шударга иргэдийн фронт”-ын шаардлага
1. Улс төр, бизнес хоёрыг зааглан салгахын тулд юуны өмнө авлигын тор сүлжиж, эх орноо хямралд оруулсан Ерөнхийлөгчийг огцруулах, мөн хамгийн их авилгажсан өнөөгийн УИХ-ыг тараах, улмаар ард түмний итгэлийг хүлээсэн шударга, эх оронч, оюунлаг ёс суртахуунтай “ахуйгаа боддогүй” оунлаг шударга хүмүүсээр төр, засгийн эрх мэдлийг бариулах үүднээс Ард түмний онц түр их хурлаар заль мэхээр дүүрсэн сонгуулийн өнөөгийн хуулийг, СЕХ өөрчилсний дараа УИХ-ын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах
2. Монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалан эх орны баялагийг хувьцаа, ноогдол ашиг, тусгай сан зэрэг хэлбэрээр иргэн бүрт адил тэгш хүртээх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ баялгийг ашигт малтмалын олборлолтоос байнга арвижуулах, лиценз, хувьцаа шиг гар дамжин гадаад, дотоодынхонд дамлан худалдаалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
3. Зөрчилтэй, эсвэл хууль дүрмийн дагуу аваагүй ашигт малтмалын лицензийг хүчингүй болгох, уул уурхайн oлбoрлoх, бoлoвсруулах үйлдвэрүүдийн орлогын !!! 50%-иас доошгүйг Монголын нийт иргэдэд шударгаар хүртээх, энэ ажлыг ард иргэдийн хяналтын дор гүйцэтгэх системийг бий бoлгoх. Стратегийн ач холбогдолтой бүх oрдуудыг төрийн хяналтын дор ашиглах
4. Оюу Толгой, Таван Толгой, Төмөртэйн орд, Бороогийн алтны уурхай, Их өр, Худалдаа Хөгжлийн Банкны хувьчлал, Чингис зочид буудал, Монголбанкны мөнгө угаах үйлдэл, Цөмийн хаягдал, Улаанбаатар хотын газрын наймаа, УБ Банк, УБ сан, ХЗ Хоршоод, Хадгаламж банк, ТВ-9, МҮОНРТ-ийн асуудал, Төрийн өмчийн хороо болон Төмөр замын луйвар, Гаалийн авлига болон контрабанд, МАХН, АН–ын санхүүжилт, өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт ба шударга олон эх орончдын сэжигтэй үхэл зэрэг ноцтой томоохон асуудлуудыг шалгаж, гэм буруутанд хуулийн дагуу хариуцлага тооцох, луйварчдын эд хөрөнгөнд шалгалт хийх, шаардлагатай бол хураах
5. Бузар бодлого, бусармаг үйлдлээрээ нийгмийн шинэчлэлд бул чулуу болж буй МАХН-ыг хуулиар хориглон, хөрөнгийг нь хурааж, архивыг нь ард түмэнд ил тод болгон, улмаар одоогийн удирдлагуудын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, тэдэнд улс төрийн хариуцлага тооцох,
Та эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сэтгэл зүтгэл гарган тэмцье хэмээвээс бидэнтэй нэгдэгтүн. Монголчууд бид эх орон газар шороондоо, эд баялагтаа эзэн болохын төлөө, Монгол эх орноо аврахын төлөө эрслэн тэмцэх цаг үе иржээ. Одоо боллоо. Ханалаа, тэвчээр алдарлаа. Ард түмэн засгийн эрхийн төлөө Урагшаа. Ялалт хэзээд ард түмний талд. Монголчуудаа Мориндоо Уухай !!!
СЭРЦГЭЭЕ БОСОЦГООЁ НЭГДЭЦГЭЭЕ ТЭМЦЭЦГЭЭЕ
ШУДАРГА ИРГЭДИЙН ФРОНТ
Төв шуудан хайрцаг ¹ 884, Shifmn @ yahoo.de, утас 9984-6321
Шударга иргэн ТА энэхүү сонордуулгыг боломжоороо хувилан бусдадаа тарааж хувь нэмрээ оруулна уу. 2006.4.8 Улаанбаатар
Зургийг урьдчилан харах
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(1352)
|
Шударга Иргэдийн Фронт |
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment