Ла-Маншийг гатлах зорилготой
Ж.БАТМӨНХ (2007.09.13)
Триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2005 оны зун “Монгол шилтгээн”-д болоход залуучуудтай мөчөөгөө өгөхгүй үзэлцэж явсан ахмад тамирчин Г.Арслан саяхан Монгол Улсын зүүн хязгаарт орших Буйр нуурыг хөндлөн сэлж гарчээ. Энэ аяллын сонин болоод түүний спортын замналын талаар ярилцсанаа уншигч танд толилуулъя.
-Буйр нуурыг ямар маршрутаар хэрхэн сэлж туулав?
-Бид эндээс наймдугаар сарын 22-нд гарсан. Машин намхан, зам муу болохоор дөрөв хоног явж зорьсон газартаа хүрлээ. Бассейны багш Гантөмөр, Мөнхбаяр нар надтай хамт явсан юм. Би эхлээд Булан дэрсний харуул гэдэг газраас өмнө зүгт сэлэхээр төлөвлөж байлаа. Гэвч эрэг даган ургасан битүү зэгс, дэрс нь дагаж байсан хүмүүст төвөгтэй болохоор больсон. Тэгээд баруунаас зүүн тийш эргийн дагуу 20,3 км сэллээ. Урьд нь тооцоолсон маршрутын урт 17,7 км байсан юм.
-Энэ зайг ямар хугацаанд туулсан бэ?
-29-ний өглөө 09.00 цагт нуур дээр очоод, 10.15-ын орчимд гараанаас хөдөлсөн. Тэгээд орой 18.00 цагийн үед барианд орлоо. Энэ хооронд хоёр удаа амсхийсэн. Ядарсандаа бус, даараад эрэг дээр гарсан юм. Өглөө гарснаасаа хойш 4,5 км яваад, дараа нь 12-13 дахь км-ийн орчимд амарсан. Ер нь цэвэр сэлсэн хугацаа нь 7 цаг гаруй л болох байх. 17,7 км гэдэг нь хоёр цэгийн хоорондын цэвэр зай. Эргээс 1-2 км-ийн зайтай сэлж, хоёр удаа эрэг рүү гарсан зэргийг тооцвол явсан замын урт арай илүү болох байх. Бас зүүн хөлийн өвдөгний холбоос тасарсан болохоор нэг тал руу даялж, замаасаа хазайн, эргэж бариагаа чиглэсэн гээд зам маань шулуун байгаагүй.
-Та урьд нь ингэж холын зайд сэлж байв уу?
-Залуудаа задгай усанд 10-аад км-т сэлж байсан. 2004 онд Өгий нуурын нарийн хэсгээр 3,3 км зайд хөндлөн гарах тэмцээн зохион байгуулж, өөрөө хоёрдугаар байрт орж байлаа. Мөн тэр жил төв бассейнд 5 км-ийн уралдааныг явуулж, бас дэд байр эзэлсэн. 25 метрийн бассейнд 200 удаа эргэж байгаа юм. Тухайн үед би Усан спортын холбоонд тэргүүлэгчээр ажилладаг байсан болохоор ингэж идэвхтэйгээр тэмцээн зохиож явсан юм.
-Одоо Монголд хөгжиж буй триатлоноор таныг анх олон улсын тэмцээнд оролцож байсан гэдгийг анхдугаар УАШТ-ий үеэр сонссон юм байна?
-Германд суралцаж байхдаа дөрвөн спортоор III зэрэг биелүүлсэн. Жүдо бөхөөр Эрфурт мужийн АШТ-д 65 кг-ийн жинд дөрвөн жил дараалан дэд байр эзэлж, усанд сэлэлтээр 1500 метрт сургуулийнхаа ¹3 нь байлаа. Мөн гүйлт, дугуйгаар энэ хэмжээнд хүрээгүй ч тодорхой амжилт гаргасан.
Триатлоны тухайд социалист орнууд “Хөрөнгөтнүүдийн хүн тамладаг, үр ашиггүй спорт” гээд ойшоодоггүй байлаа. Харин 1982 онд БНАГУ-ын Росток хотод соц орнуудын тамирчдын дунд IRONMAN-ий зайг гурав дахин багасгасан “Мини триатлон” гэдэг тэмцээн болж, би оролцсон. 1,5 км сэлж, 60 км дугуйгаар уралдан, 14,65 км гүйсэн. Нийт 680 гаруй хүн өрсөлдсөнөөс би 280 дугаарт орж байлаа.
-Таны сонирхон хичээллэдэг төрлүүд, тэр дундаа уралддаг зай нэлээн тэсвэр хатуужил шаардахаар юм. Ойрын зайд хүчээ сорьж байв уу?
-Спринт бол бяртай, тэсрэлттэй хүмүүс л оролцох төрөл. Надад энэ чанар байдаггүй. Харин шөрмөслөг, гүргэр талдаа. Тиймээс л холын зайд өөрийгөө сорьдог.
-Буйрыг гатлахдаа замын дунд больё гэж бодогдсон уу?
-Марафонд гүйхэд 25 дахь км-т яг ийм бодол толгойд орж ирдэг. Үүн шиг сүүлийн 4 км-ийг их тэвчээр гаргаж туулсан. Буйрын шумуул гэж их хэцүү. Өмнөх орой нь болон өглөө шумуулаас хамгаалах тос биедээ, нүүрэндээ түрхсэн байсан. Харин замаа дуусгах дөхсөн үед тос нүд рүү ороод хорсгож, юм харах аргагүй болсон. Нүдээ аньсан чигээрээ л барианд хүрсэн дээ. Хааяа нэг харахаар эрэг дээрх хүмүүс жаахан бараантаад, тэрийг багцаалдаж сэлсээр зорилгоо биелүүлсэн.
-Усан спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-Хүүхэд ахуйдаа Туул голд нохой самарддаг л байсан. Харин Германд очоод ном, дүрмийнх нь дагуу сэлж сурсан. 1983-85 онд улсын аваргад түрүүлж байсан. Мэлхий сэлэлтдээ арай илүү. Одоо усны дасгалжуулагч хийж байгаа олон хүн надаар мэлхий сэлэлт заалгасан.
-Цаашдаа гатлахаар төлөвлөсөн нуур, цөөрөм, гол, мөрөн байна уу?
-Өнгөрсөн жил Их Монгол улсын 800 жилийн ойг тохиолдуулан Ла-Маншийн хоолойг хөндлөн гарах бодолтой байсан. 38-42 км өргөнтэй гэж ярьдаг. Гэвч улс төрд ороод бэлтгэл хийх завгүй болсон тул чадаагүй. Ер нь дор хаяж зургаан сарын уйгагүй бэлтгэл хийж байж үүнийг давах боломжтой. Дараа боломж гарвал оролдоод үзнэ дээ. Мөн Хөвсгөлийг хөндлөн сэлэх бодолтой байна. Крантны цэв хүйтэн ус 11 хэм байдаг. Харин Хөвсгөл нуурын дунд дулаарлаа гэхэд дээд тал нь 10 хэм л хүрнэ. Тиймээс дулааны хувцастай байж Хөвсгөлийг гатлах боломж нээгдэх юм.
-Тань шиг ингэж хол зайд сэлэх хүн Монголд олон уу?
-Дор хаяж арваад залуу ийм зайг туулчих байх аа. Гэхдээ манай усчид бэлтгэл хийх нөхцөл хомс байна. Хэдэн жилийн өмнө тамирчид бассейнд үнэгүй, ядаж хөнгөлөлттэй ордог байлаа. Гэтэл одоо тэр жижиг бассейндаа шахцалдаад сэлэхийн тулд бүтэн сайнд л гэхэд 4500 төгрөг төлж байна. Монгол хүн хятадуудаас бие бялдраар дутахгүй шүү дээ. Тэгэхэд өнөөдөр дэлхийн тавцанд ноёлж байгаа тэдэнтэй түвшингээ харьцуулахад харамсмаар. Энэ бол холбооны зохион байгуулалттай шууд холбоотой. Би зүгээр л нуурыг хөндлөн гараад байгаа юм биш, үүгээрээ залуучууддаа ямар нөөц байгааг нь ойлгуулах гэсэн юм. 48 настай би энэ амжилтад хүрлээ.
-Ярилцсанд баярлалаа.
Тэрбээр дэлхийг дугуйгаар тойрсон “Таван хуруу” багийнхантай хамт бэлтгэл базааж, зургаа дахь гишүүн нь болж явжээ. Өдгөө түүнийг Шударга иргэдийн хөдөлгөөний тэргүүн гэдгээр уншигчид сайн таних болов уу.
45 удаа уншигдсан Буцах Дээшээ очих Хэвлэх хувилбар
Сурталчилгаа:
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
болохыг анхаарна уу!
USA
Огноо: 16.09.2007 03:21 / Сэтгэгдэл:
Super.Mongolchuud er ni China-s dutaad baihdaa yadag yumb.End US-d huuduudiig usand selej surahad ni ih demjdeg shuu. La Mansh-g gatlaval sain shuu.Odoo hurtel neg ch China hun gatalj chadaagui baigaaa.Harin suuliin 100 jild bas neg ch oros hun gatlaaagui baigaaa gesen. Hamgiin suuld 1905 ond neg oros hun garsan yum shig bainaa.
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3824)
|
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment