Г.Арслан: Аав маань Ю.Цэдэнбал даргыг тун чадалтай, мундаг хүн хэмээн дурсдаг байлаа
Хэвлэх хувилбар | Танилдаа илгээх
Өдрийн Сонин
2007/03/23 - 10:35, Баасан гараг
“Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний иргэдээс санал асуулга авах хоёр дахь өдөр өчигдөр байв. Их олон хүн ирж, үймж шуугиад байхгүй ч өчигдөр үдээс хойш гэхэд урд өдрийнхтэйгээ нийт 1400 орчим хүн өнөөх МАХН түүний залуучуудын байгууллагыг татан буулгах нь зөв хэмээх саналд нэгдэн бүртгүүлжээ. Иргэний зориг намын залуучууд МАХН, МАСЗХ-г огцруулахыг дэмжиж, 100 залуу мөн өчигдөр очиж албан ёсоор бүртгүүлжээ.
Тэнгэр муухайрч, цас бороо орвол санал хураах ажлаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэхэд “Ойр орчимд хоргодох газар олдоно биз, бүтэн саржин тэнгэр муухай аашлахгүй биз, ямар ч л байсан анх товлосон хугацааныхаа дагуу санал хураах ажлаа дуусгана даа. Гэхдээ тэр хугацаа дуусаагүй байхад санал өгөх хүн ирэхгүй бол бид ингээд суугаад байх шаардлагагүй нь ойлгомжтой байх…” гэж хөдөлгөөний тэргүүн Г.Арслан хэлж байв. Өрнүүлээд байгаа ажлын нь талаар болон түүний туулж өнгөрүүлсэн замналын талаар багаханыг сонирхлоо.
- Хэсэгхэн хугацаанд ажиж байхад танай үйл ажиллагаанд ирсэн хүмүүс энэ уриа лоозонд тань утга, санаа нэммээр байна гэж байх шиг?
- Үйл ажиллагаагаа иргэдэд тайлбарлах гэсэн хаяг, самбар маань тийм ч хангалттай бус байна. Ирсэн иргэдийн саналаас гадна бидэнд өөрт ч санаа байх л юм. Гэвч самбар, хаяг хэвлэх хөрөнгө мөнгө хомс. Ер нь манайхыг чинь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэж авдаггүй, хүсэлтийг маань хоёр ч удаа буцаасан юм шүү дээ. Тамга тэмдэггүй. Албан байргүй. Хүсэлтийг маань буцааж байгаа шалтгаан нь бараг тэр гишүүн тань гутлаа тослоогүй байна гэсэнтэй адил шалдар булдар шалтгаан байдаг юм. Үнэн чанартаа яагаад манай “Шударга иргэдийн фронт”-ыг бүртгэж авахгүй байна вэ гэвэл манайх зорилго шаардлагадаа “МАХН-ыг хориглоно, хөрөнгийг нь хураах тухай…” заасан байдаг юм. Тэгэхээр тамга тэмдэггүй болохоор банкинд данс нээж болохгүй юм. Банкинд дансгүй болохоор хандив цуглуулах боломжгүй. Мөнгөгүй болохоор самбараа хүртэл хэвлүүлж чадахгүй байгаа юм л даа. Гэхдээ яахав, өнөөг хүртэл манай үйл ажиллагааг танил тал, найз нөхөд маань дэмжиж ирсэн.
- Уг нь та чинь анх “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-д байсан санагддаг юм?
- Тийм ээ. Анх Ж.Батзанданг радиогоор ярихыг сонсоод би очиж тус хөдөлгөөнд ажиллаж байлаа. Миний залуу насны санаж бодож явсныг ярилаа хэмээн их л талархаж, сайшаан хүлээж авч байсан хэрэг. Бид хамтарч ажилласаан. Тус хөдөлгөөний анхны жагсаал цуглаанд О.Магнай, М.Ичинноров, Ж.Батзандан бид дөрөв үг хэлсэн юмдаг. Тус хөдөлгөөний анхны баримт бичгүүдийг бүгдийг нь би үйлдсэн. Гэрээсээ сейф, компьютерээ сайн дураараа авчираад ажиллаж байлаа. Нэг удаагийн тэмцэлдээ буюу ордон руу өндөг, лооль шиддэг үеэр тэмцлийн хэлбэр буруу байна гэж шүүмжлээд би тус хөдөлгөөнөөс гарч байсан юм. Тэгээд л 2006 оны хавар “Шударга иргэдийн фронт”-оо байгуулсан.
- Та ер нь хаана ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн түүхтэй хүн бэ?
- Би Германд сургууль төгсч ирээд Барилгын яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны трестэд ажилласан юмдаг. Ахлах мастер, даамал, ахлах инженер хүртэл ажилласан. 1987-1988 онд Гадаадын жуулчдад үйлчлэх газарт мөн барилгын тасаг хариуцаж ажилласан.
1988-1990 онд “Улаанбаатар” зочид буудлын шөнийн баарны эрхлэгчээр ажилласан. Тэгээд 1990 онтой золгож, ардчиллыг дэмжиж байлаа. Ардчиллыг эхлүүлэгчдийн уулзалтуудыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулдаг байлаа. С.Зориг агсны ах С.Баяр бид хоёр Германд цуг сурч байхдаа дээр, доорхи байрлалтай ортой, ойр дотно байсан.
Энэ маань С.Зориг агсны оролцоотой, зохион байгуулалттай ажлуудад гар бие оролцох шалтгаан, сэжүүр болж байсан гэх үү дээ. Тэгээд ардчиллын талын хүн гэдгээр шахагдан ажлаасаа гарч, хувийн барилгын компанитай болсон. Найман ч жил шаггүй ажиллаад, бусад шиг гааль элдэв хаалга босгоны хүмүүстэй наагуур цаагуур ярьдаггүй, татвар мөнгөө шударга төлж нэг л мэдэхэд тамгатайгаа үлдсэн дээ. Бүх ажилчныхаа цалин мөнгийг дутаалгүй тавиад компаниа хааж байсан юм.
- Ямар ч байсан Германд барилгын чиглэлээр сурч төгссөн хүн юм аа даа?
- 1976-1977 онд МУИС-д Герман хэлний бэлтгэлд сураад, дараа онд нь Германд Веймэрийн Барилга архитекторын их сургуульд Тооцооны инженерээр суралцсан. Хажуугаар нь Карл Марксын сургуульд Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр эчнээгээр суралцсан юм. Сэтгүүлзүйн боловсролын тухайд цэвэр хувийн сонирхол байсан л даа. Барилгын инженерийн сургуулиа төгсөнгүүт л эх орон руугаа буц гэх нь мэдээж. Дараа нь би 1992 онд очиж сэтгүүлзүйн дипломоо авч байсан юм. Монголдоо ирээд ажиллаж байх явцдаа МУИС-д англи, япон, хэл үзсэн.
- Аав, ээж тань хаанахын гаралтай хүмүүс байдаг юм бэ дээ?
- Миний аав Дорнодын Халх гол сумын унаган хүн. С.Гомбосүрэн гэж нэртэй, зүстэй явсан. Ээж бол хотынх оо. Аав маань Ю.Цэдэнбал даргыг Монголбанкны хорооны дарга байхад орлогч даргаар нь ажиллаж байсан. Аав маань маш шударга хүн байсан. Ю.Цэдэнбал даргыг гэхэд л эхнэртээ эрх мэдэл хэтэрхий өгснөөс биш хувь хүн нь бол тун чадалтай, мундаг хүн байсан гэхчилэн дурсдаг байлаа. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад Сөрөг тагнуулын газрын даргаар ажилласан. Анхны дарга нь цаазаар авахуулаад аав маань очсон байдаг юм. Мөн Гадаад хэргийн яам үүсэн байгуулагдахад орон тооны найм дахь хүн болон очиж байж. Үүнээс хойш дипломат албанд удаан ажилласан хүн дээ. 1980 онд нас барсан. Ээж маань анагаах ухааны факультет МУИС-д байгуулагдсанаас хойших хоёр дахь төгсөлтөд багтсан эмч хүн. Одоо МАХН-ын гишүүн, 83 настай хөгшин надтай хамт амьдардаг.
- Та эхээс хэдүүлээ вэ?
- Эхээс дөрвүүлээ. Айлын отгон хүү. Хүүхэд нас минь хэтэрхий тансаг, эрх танхи, сайхан өссөн дөө. Улаанбаатарын анхны орон сууц одоогийн хотын захиргааны байрны ард баригдаад, манайх тийш нүүж орж л байсан байгаа юм. Тэгсэн хүмүүс хоорондоо “Энэ Гомбосүрэнгийнх их гоё айл, хананаас нь ус гардаг. Гэхдээ их заваан нэг өрөөндөө ээлжилж ороод бие засчихдаг…” хэмээн ярьдаг байсан тухай ээж маань одоо ч дурсдаг. Том ах, эгч хоёр маань мөнх бусыг үзүүлсэн дээ. Том ах маань гэхэд л надаас 14 ах байсан хүн шүү дээ. Би энэ жил 49-ний жил орж байна. Үлдсэн ганц эгч маань тэтгэвэрт гарсан. Орос, англи хэлний орчуулагч мэргэжилтэй хүн л дээ. Яг хувийн гэр бүлийн амьдралын хувьд тодорхой яримааргүй байна. Ямар ч байсан би хөгшин аав. Хүү маань одоо гурван ой зургаан сартай.
- Аав, ээжийн тань ах дүү олон уу?
- Аавын маань дүү нимгэн Төмөр гэж хүн Дорнодод нэртэй шударга хуульч байсан юм. Их нимгэн уруултай хүн байж л дээ. Ээжийн талд бол дарга даамал явсан хүнгүй ээ. Ах дүү цөөнтэй. Хэдэн хүүхдээрээ л хань ижил хийж амьдарсан хүн.
Б.Янжмаа
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3824)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment