Saturday, January 17, 2009
Шинээр үүсгэн байгуулагдсан Иргэний Холбооны Форумд дээр Шударга Иргэдийн Фронтын Тэргүүн Г.Арслангийн хэлсэн үг
Шинээр үүсгэн байгуулагдсан Иргэний Холбооны Форумд дээр Шударга Иргэдийн Фронтын Тэргүүн Г.Арслангийн хэлсэн үг
Болдогсон бол саарал ордон руу өндөг бус харин гранат л шидэх нь зөв, одоо үүнээс өөр зам байхгүй гэж боддог ярьдаг хүмүүс улам олширсоор байгаа нь монголын эмгэнэл мөн бус уу. Ард түмнээ ингэтэл бухимдуулсан төр засаг үнэхээр дампуурч гүйцлээ.
ХЗДС-н захирал пр.Нарангэрэл өнгөрсөн жил монголд ардчилал байхгүй гэж дүгнэсэн. Хүчний бүх байгууллагууд нь зөвхөн төрд гарсан луйварчдад үйлчилдэг газар ардчилал байдаггүй юм байна. Саяхан түүний орлогч пр.Лүндэндорж монголд үндсэн хууль байхгүйтэй адил боллоо гэж дүгнэлээ. Яагаад гэвэл Нямдоржоос эхлээд хуулиудаа гэртээ ч , вагонд ч, өрөөндөө ч дураараа засдаг болжээ.
Ардчилал нь тухайн орны иргэд ямар хувцас өмсөж, ямар машин унаж байгаагаар хэмждэг бус харин хуулийн өмнө иргэн бүр тэгш эрх ,үүрэгтэй байна уу гэдгээр хэмжигддэг.
Гэтэл өнөөдөр монголд 1300₮ хулгай хийсэн нярай хүүхэдтэй эх 10 жилийн ял авч , харин улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар нь луйвардаж, эх орноо гадаадынханд худалдсан төрийн түшээд болон зальт этгээдүүд хэтэвчээ зузаатган, энгэрээ цоолж , албан тушаал дэвшдэг нь ердийн үзэгдэл болжээ.
Шударга бус, зальтай, бялдууч, хоёр нүүртэнгүүд “сайхан” амьдарч, харин шударга хүмүүст элдэв нэр хаяг зүүн ажилгүй, амьдралгүй болгож байна. Үнэн үгийг хэлсэн хүн бүрийг ямар нэг аргаар “зайлуулдаг“ дарангуйлал хүчирхийлэл үргэлжилсээр.
Их хурлын дарга нь хүн буудаж алмаар байна гэж зурагтаар хээв нэг инээн ярьж, засгийн эрх барьж буй намын бага хурлын гишүүн нь журмын нөхрөө хутгалан алж, засгийн газрын нэг сайд нь нөгөөгөө ална тална гэж заналхийх нь хэвийн үзэгдэл боллоо.
Засгийн газар нь эв нэгдлийн бус эвдрэлцлийн засгийн газар болж төрийн түшээд нь хоорондоо алалцаж, түмэн олон нь бухимдаж байна.
Хүн амьд явахын тулд юм иддэг атал идэхийн тулд амьдардаг улс төрчид улам олширсоор байгаа нь юуны дохио вэ?. Төр засгийн бүхий л эрх мэдлийг бодит байдалд ямар нэг улс төрийн нам бус харин эрх мэдэл, эд хөрөнгөөр хоорондоо холбогдож хэлхэлдсэн улс төр эдийн засгийн бүлэглэлүүд гартаа атгаж байна. Ядуус нь ганцхан бэлэн хоолны төлөө нэгнийгээ хороож байхад, төрд гарсан луйварчид ханаж цадахаа болив.
Аливаа улс оронд амьдралын дундаж түвшинг тодорхойлогч цорын ганц баталгаатай шалгуур бол иргэдийн дундаж наслалт байдаг. Энэ үзүүлэлт сүүлийн 16 жилд монголд 66-с 63 хүртлээ буурсан байтал эрх баригчид эдийн засаг 10.4% өслөө гэх мэтээр өөрсдийн баяжсан түүхээ сэрүүн зүүдлэн , мэдэн будилж ард түмнээ хуурч байна.
Сүүлийн 16 жилд монгол орныг доройтуулж, шударга бус эмх замбараагүй байдалд оруулж, 1990 онд дуншиж байсан ардчилалыг боомилоход гардан оролцож, хөхиүлэн дэмжиж, дагалдан баясаж, зохион байгуулж, удирдан чиглүүлж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө огт гэм буруугүй, эсвэл гэгээрсэн ухаантан мэт сургааль айлдаж, хуучин хамтрагч нараа газарт ортол муулж, хулгайчийг бариаарай хэмээн чанга орилдог болжээ.
Өнөөдөр улс төрчид нь бизнес хийж харин ард түмэн маань улс төрждөг боллоо.
Бид цагтаа цог заль, зориг тэвчээрээрээ дэлхийн талыг эзэлж байсан омголон ард түмэн билээ. Гэтэл яахаараа төрд шургалсан цөөн тооны луйварчдаа цэвэрлэж чадахаа больтлоо доройтож, мөхлийн ирмэгт ирээд байнаа?
Унтаж байсан ард олон нойрноос сэрлээ. Одоо босох цаг нэгэнт болжээ.
Бид босоод тэр амьдралд нийцээгүй хууль гаргаад , батлаад, түүнийгээ дуртай цагтаа өөрсөддөө ашигтайгаар өөрчлөөд байгаа, өөрчлөлт бүрээ өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа эрхтэн дархтангуудтай тэдний гаргасан хуулийн дагуу тэмцээд амжилтанд хүрнэ гэдэгт хэн ч итгэхгүй биз. 90оныг давтаж болохгүй гэсэн онол хаа байна?
Үхсэн мөртлөө амьд юм шиг хүн байхад амьд мөртлөө үхсэнээс ялгаагүй хүн бас байх юм гэж яруу найрагч Чойном нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн үхээгүй, амьд, эрч хүчтэй байна гэдгээ харуулах цаг хаяанд ирлээ. Их хурлыг тарааж, ерөнхийлөгчийг огцруулан Ард түмний онц түр их хурал байгуулж үндсэн хууль болон авилгалд идэгдсэн төр засагт чанарын өөрчлөлт хийх цаг боллоо. Магадгүй их цэвэрлэгээ ч хийх шаардлагатай болов уу? Чимид гуайн хэлснээр ахуйгаа боддоггүй шударга хүмүүсээ улс төрд оруулах цаг болжээ.
Эх орноо аврахын төлөө, хойч үеийнхээ сайн сайхны төлөө монголын шударга иргэд, хөдөлгөөнүүдийг, бусад олон намуудын доторх шударга эрүүл хэсгийг ыманайх танайх гэлтгүйгээр нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэхийг ШИФ-ын нэрийн өмнөөс уриалан дуудаж байна.
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3828)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment