Saturday, January 17, 2009

Г.Арслан: МАСЗХ болон МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй болжээ

Г.Арслан: МАСЗХ болон МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй болжээ
Хэвлэх хувилбар | Танилдаа илгээх
Өдрийн Сонин
2007/03/21 - 10:02, Лхагва гараг

Иргэний хөдөлгөөнүүдийн бүлэгт багтдаг “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан өчигдөр ард олондоо хандан хэвлэлийн бага хурал хийлгэж байгаагаа зарлав.

Шалтгаан нь ард түмний хөрөнгийг үрэн таран хийж буй МАСЗХ болон түүнийг бойжуулагч МАХН-ын үйл ажиллагааг хориглож зогсоох явдал гэв. Энэ талаар ард нийтийн санал асуулгыг өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд сарын хугацаагаар авахаа мэдэгдлээ. Тэрбээр МАХН болон МАСЗХ-г тараах үндэслэлдээ, нэгд, МАСЗХ-ны үнэнч гишүүний нэг нь төрийн шударга албан хаагчийн амийг гэгээн цагаан өдрөөр олны нүдэн дээр бүрэлгэсэн, хоёрт, Хадгаламжийн банкны 14,2 тэрбум төгрөг болон Хадгаламж, зээлийн хоршоодын 66 тэрбум төгрөгийн луйварт оролцсон, ингэснээр нийгэмд авлига болон төрийн луйврыг цэцэглүүлсээр байгаа, гуравт, МАХН өнгөрсөн зуунд явуулсан хэлмэгдүүлэлтдээ өнөөг хүртэл олон түмнээсээ уучлал гуйгаагүй, эцэст нь өнөөдрийг хүртэл намын хууль бус санхүүжилтийг хийсээр байна гэж үзжээ.

Энэ бүхэн бол МАХН-ыг түүхийн хөрснөөс арчих хангалттай үндэслэлүүд, тэгээд ч энэ нам түүхэнд хүлээсэн хувьсгалыг хийх, социализмыг байгуулж, коммунизмыг мөрөөдөгч үүргээ нэр төртэйгөөр биелүүлж гүйцэтгэсэн учир одоо “тэтгэвэртээ гарах” болсон, ер нь ч тэгээд монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалыг дутуу хийсэн юм. Тэр үед МАХН-ын үйл ажиллагааг таслан зогсоож бүрмөсөн хөрснөөс арчих байсан юм гэв. Хуучин коммунист намуудыг олон улс оронд, дэлхий нийтээр татан буулгаад ирсэн. Тиймээс энэ бол байдаг л зүйл гээд үүнийгээ чоно махнаас гарна гэж байдаггүй биз дээ хэмээн зүйрлэж байв.

Гэтэл одоо яаж байна вэ гэхээр цаашид оршин тогтнох нь хэцүү болсон МАХН гадна дотноо ялзарч орооцолдсон энэ муухай зүйлээсээ “Хоттой хонь бүрэн, чоно нь цатгалан” гэсэн хувилбараар нэр цэвэр яаж гарах вэ хэмээн олон янзаар оролдож байна гэв. Тиймээс одоо ялзарч байгаа дээр нь яаралтай татан буулгах хэрэгтэй байна. Тэгээд хөрсөн дээр нь тэр залуучууд социалист чиглэлийн намаа шинээр байгуулна уу, эсвэл хуучин Ху нам хэд хэдэн нам болон үүснэ үү өөр хэрэг. Гол нь өнөөдөр ард түмэн энэ намд хариуцлага тооцох цаг хэдийнэ болжээ гэж үзэж байв. Энэ мэдэгдлийнхээ дараа Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

- Хуулиар бол улс төрийн хүчин, намын үйл ажиллагааг яаж хориглодог юм вэ. Намынх нь гишүүд нь саналаа өгөх юм биш үү. Тэднээс харин санал асуулга авч болдоггүй юм уу?

- Аливаа улс орны асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийддэг учиртай. Үндсэн хуулинд нэгийн 2-ын гуравт, төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгээд ч МАХН Улс төрийн намуудын тухай хуулийг санхүүжилтээ авлигаар хийснээр зөрчөөд байгаа шүү дээ. Энэ нам өнөөдөр зүгээр л 80 мянган гишүүнийхээ толгойг эргүүлээд явж байгаа болохоос биш өчигдрийн коммунистууд өнөөдрийн олигархиуд болчихсон. Үүнийг нь түүний бойжуулагч МАСЗХ Хадгаламжийн банкны 14,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэнээр батлаад байна. Тэгээд улсын мөнгийг идчихээд ард түмнээсээ ичихгүй, өөрсдийнхөө бурууг ер хүлээн зөвшөөрөхгүй олон түмнээрээ тохуу хийгээд сууж байна. Нэрд гарсан дуучид, гоо бүсгүй, төрийн дэд сайд гээд олон сайхан сайхан залуус гишүүн нь харагдсан. Тэдний нэр дээрх үйлдлээрээ л олон түмний дунд унах нь ойлгомжтой. Анх тэд улсын болон ард түмний, аав ээжийнхээ хөрөнгө мөнгөнөөс идэж ууя гэж МАСЗХ-нд гишүүнээр нь элсээгүй байх л даа. Гэхдээ одоо дутагдалтай нь эвлэрээд сууж байхыг харах нь ээ өөрсдөө ч ирээдүйн луйварчид, цаашид луйвардсаар байх нь гэв.

Г.Арслан өчигдрийн хэвлэлийн бага хурал дээрээ авлигын хэргээр ял эдлээд хоригдож сууж байгаа ГЕГ-ын дарга асан, МАХН-ын гишүүн Х.Баатарын шоронгоос бичсэн захидлын оригналь эхийг сэтгүүлчдэд дахин үзүүлсэн юм. Х.Баатар “Өдрийн сонин”-д гарсан ярилцлагадаа шоронгоос тэрбээр хэзээ ч захидал бичиж байгаагүй гэсэн, гэтэл түүний бичсэн гэх 2-3 захидлын тухай яриа гараад байдаг. Ямар учиртай юм бэ, яаж үүнийг олж авсан юм бэ, захидлын үндсэн эх гэдгийг яаж нотлох вэ гэсэн асуултад Г.Арслан энэ бол өмнө нь сонингуудад гарсан эх захидал. Гэхдээ тэр үедээ бичгийг нь засч янзлан нийтэлсэн байсан. Энэ бол жинхэнэ эх бичгээрээ байгаа нь гээд компьютер дээрх захидлыг харуулж байв. Х.Баатар шоронгоос захидал бичсэн эсэхээ тэрээр хэзээ нэгэн цагт хэлэх биз гэж байв. Ийнхүү өнөөдрөөс эхлэн улс төрийн гол хүчний нэг, эрх баригч МАХН-ын үйл ажиллагааг зогсоох ёстой юу гэсэн санал асуулга Сүхбаатарын талбайд эхлэх нь. Энд оролцож саналаа өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л хангалттай юм байна.

Дашрамд дурдахад өнөөдрөөс Сүхбаатарын талбай болон төрийн тэргүүнүүд амьдардаг Их тэнгэрийн аманд иргэний хөдөлгөөнүүд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан хийнэ гэж байсан боловч парламентын дарга гадаадад удаан хугацаагаар айлчилж яваа учир түр хойшлуулаад байгаа аж.

Б.Болд


Зургийг урьдчилан харах

Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3780)

No comments:

Post a Comment