Thursday, January 7, 2010

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

1998 он Болор цом. О.Дашбалбар


Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй.