Saturday, February 14, 2009

Хоёр толгой”-н гэрээ хямралыг давах гарц биш.

Хоёр толгой”-н гэрээ хямралыг давах гарц биш.

Хоёр толгойн гэрээ эдийн засгийн хямралыг давахад тус нэмэр болох уу.

Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд нэрвэгдэж, түүхий эдийн үнэ навс унасан энэ үед Засгийн Газар, УИХ-аас Оюу толгой болон Таван толгойн орд газруудын хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулахаар шийдвэрлээд байна. Эдгээр ордын гэрээг байгуулж төслүүдийг хэрэгжүүлж эхлэх нь Монгол улс болон ард иргэдийнх нь хувьд хямралыг даван туулах гол гарц бөгөөд орд газруудыг ашиглахгүй байгаагаас манай улс өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэх пиарыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Орд газруудын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны маргааш нь л улсын сан хөмрөгт сая доллар цутган орж эхлэх бөгөөд олон иргэд ажилтай болж , тун удалгүй эрх баригч намууд амласан 1,5 сая төгрөгөө тарааж өгөх мэт ээлжит ташаа ойлголт болон хий хүлээлт үүсгэх нь үнийн өсөлт, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдээд байгаа нийгмийн дийлэнх хэсгийн аж амьдралд тус нэмэр болохоосоо гай дагуулах нь их. Улс төрчдийн зүгээс ийнхүү хуурамч амлалт өгч хүлээлт үүсгэснээрээ иргэд ажил амьдралаа толгой даан төлөвлөх, хямралын үед хэрэгтэй зүйлс, мөнгө төгрөгөө бололцоогоороо нөөцлөх, ядаж л сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэгт олиггүй нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн сонгуулийн амлалт 1,5 сая төгрөгт итгэсэн малчид банкнаас зээл авч, хожим нь амласан мөнгө ч үгүй, дээр нь ноос ноолуур, арьс ширний үнэ унаснаас зээлээ төлөх боломжгүй болж зарим нь амиа хорлож байна гэнэ.

Тиймээс иргэд энэ удаад эрх баригчдын ээлжит амлалтанд сохроор үл итгэн, хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувилбар тус бүрийн хувьд хэдий хугацааны дараа Монгол улсад орлого орж эхлэх, хэр зэрэг үр өгөөжтэй байх, улсын төсөвт болон орон нутагт хэдий хэмжээний орлого орох, хичнээн тооны ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын хэдэн хувийг Монгол улсын бизнес эрхлэгч байгууллага болон иргэдэд ашигтай хэлбэрээр зарцуулах гэх мэтчилэн тодорхой тоон баримтуудыг тэднээс шаардан гаргуулж иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтдийн туслалцаатайгаар дүн шинжилгээ хийж цэгнэн дэнслэж ашиггүй гэрээг түдгэлзүүлэх хүртэл шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх эрхтэй. Гадны хөрөнгө л ороод ирвэл хямралаас аврагдана гэх улс төрчдийн мухар сүсэг маягийн хандлагад үл автан байдлыг бодитойгоор үнэлэж дүгнэх шаардлага монголчууд бидний өмнө тулгараад байна. Хоёр толгойн төслийг даруй эхлүүлэх нь нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг давж гарахад ойрын үед дорвитой нөлөө үзүүлж чадах уу, орд газруудыг даруйхан ашиглаж эхлэхийн тулд хөрөнгө оруулагчдын зүгээс тулгаад байгаа хэт зөөлрүүлсэн нөхцөлөөр гэрээ байгуулах нь зөв үү гэсэн асуултуудад засгийн газрын эрх мэдэлтнүүд тооцоо судалгаанд тулгуурласан хариулт өгч чадахгүй байна.

Ийнхүү тодорхой тоо баримт бүхий мэдээллээр олон нийтийг хангахгүй асуудлыг бүрхэгдүүлж байгаа нь хожим хойно төслийн явцад Монгол улс ашиг орлогоо зохих ёсоор хүртэж чадахгүй байдал үүсвэл хариуцлага болон төлбөрөөс бултах гэсэн хөрөнгө оруулагч болон тэдэнд лоббидогч улс төрчдийн “хаяа манах” арга ч байх болох юм. Хэрэгжиж болохуйц бодитой амлалт, ил тод мэдээллийг олон нийтэд өгөлгүй, нууц байдалд хийсэн гэрээнүүд Монгол улсад хэрхэн ашиггүй байдгийн амьд жишээ нь Монгол улс бараг татвар авалгүй 40 тонн алтны нөөцөө алдаж, Канад улсын нэгэн компани болон тэдэнд лиценз зуучлагч УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүний халаасыг түнтийлгэн өнгөрсөн мөнөөх улигт Бороогийн ордын гашуун түүх байна.

Орд газарын ашиглалтын лицензийг олгохоос өмнө тухайн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хэмээх баримт бичгийг боловсруулан Засгийн Газрын эрх бүхий байгууллагаар батлуулах заалт хуулинд бий. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаад завдаад буй хоёр орд газарт дээрх баримт бичгийг боловсруулаагүй байгааг тухайн салбарын эрдэмтэд хэлээд байгаа. Монголын нийт иргэдийн эрх ашигт хамааралтай томоохон орд газруудын хувьд Засгийн Газар ТЭЗҮ-ээс хэрэгтэй мэдээллийг авч тооцоо хийн олон нийтэд танилцуулах үүрэгтэй баймаар. Ийнхүү мэдээлэлгүй байлгах нь гэрээний нөхцөл Монгол улсад илтэд ашиггүй байгааг ард иргэд олж мэдээд дургүйцэхээс айсан хэрэг биш үү. Гэрээг хөрөнгө оруулагчдад илүү ашигтай байдлаар хурдхан байгуулах нь дараагийн сонгуулиас өмнө худал амлалтаа биелүүлсэн болж нэр хүнд олох гэсэн улс төрчдийн аргацаасан үйл ажиллагаа юм. Зүй нь эдгээр орд газруудыг Монголын улсад урт удаан хугацаанд хамгийн ашигтай байхаар холыг харсан ухаалаг бодлогоор ашиглах ёстой. Үүний тулд монголчууд бид бүсээ чангалах шаардлагатай бол чангалах л хэрэгтэй.

2005 онд Айвенхоу Майнз компанийн боловсруулсан Оюу Толгойн Орд Ашиглах Цогцолбор Төлөвлөгөө хэмээх бичиг баримтад Нью-Йоркод төвтэй Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэргэдэх Орлогын ажиглагч” хөтөлбөрийн хоёр эрдэмтэн дүн шинжилгээ хийснээр уг баримт бичиг нь Монгол улсад ноогдох үр өгөөжийг хэт дөвийлгөсөн, Айвенхоу Майнзын зарим зардлыг давхардуулан тооцож, тэдэнд ноогдох үр өгөөжийг зохиомлоор бууруулсан, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг хэтрүүлэн мэдээлсэн эндүү ташаа ойлголт төрүүлэхээр бичиг баримт болсон байж. Тухайн үед Монголын Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан мэдэгдэлд Цогцолбор төлөвлөгөөг өнгөцхөн үзэхэд л уг төсөл өнөөгийн татварын болон уул уурхайн хууль тогтоомжийн хүрээнд улс оронд орлогын шударга хувь хэмжээг хүртэх боломжийг хязгаарласан, харин Айвенхоу Майнзад үлэмж ашиг олох боломж олгож байгаа нь илт байна.” гэжээ. (Өдрийн сонин. №07/2141. 2006.01.10 )

Хоёр толгойн төслүүдээс Монгол улс хэзээ хувь хүртэж эхлэх вэ.

Эрдэмтэдийн үзэж байгаагаар нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн өнөөгийн дэлхий дахинд эдийн засгийн хямрал төдийлөн удаан үргэлжлэхгүй ердөө 1-3 жил үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Тэгвэл хоёр толгойд хэрэгжих төслүүдийн үр өгөөжийг Монгол улс хэдийнээс эхлэн хүртэж эхлэх вэ?.

Жишээ нь, Оюу Толгойн Орд Ашиглах Цогцолбор Төлөвлөгөөнд (ОТОАЦТ) тусгаснаар орд газрыг ашиглах зөвшөөрөл авснаас хойш 33 сарын хугацаанд ил уурхайн бэлтгэл ажил, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Төсөл 2 шаттай бөгөөд эхний шатанд хөрөнгө оруулалтаа 5.8 жилд нөхөх бөгөөд, эхний шат хэрэгжиж эхлэснээс хойш 3 жилийн дараа 2 дахь шат буюу өргөтгөл хийх шийдвэрийг гаргах гэнэ. Өргөтгөл хийх шийдвэр гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 6.5 жил бол уртсана. Эхний жилүүдийн ашгаас дараа жилүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулна гэжээ. Эндээс харахад эхний 10 жилд буюу 2019 он хүртэл Монгол улс ноогдол ашиг хүртэх боломжгүй юм байна. Мөн аж ахуйн нэгжийн татварын хуулиар хөрөнгө оруулалтанд эргүүлэн зарцуулсан орлогыг татвараас чөлөөлөх тул улсын төсөвт орлогын татвар орж эхлэх хугацаа мөн л хойшилж байна. Хамгийн ойрын хугацаанд орох орлого нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бөгөөд эхний жилүүдэд олборлолтын хэмжээ бага байх болон хямралын жилүүдэд зэсийн үнэ хямд байх зэргийг тооцвол эдийн засагт дорвитой нөлөөлөх хэмжээний орлого орох нь эргэлзээтэй. Угаас ашигт малтмалын үнэ бага байх жилүүдэд уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа мэдэгдэхүйц багасгадаг жишиг байдаг тул Оюу толгойн ордыг яаравчлан ашиглах явдал хямралыг давахад тус нэмэр болно гэдэг нь хугацааны хувьд зүгээр л боломжгүй юм.

Орд газруудыг ашигласнаар хэдэн монгол хүн ажилтай болох вэ.

Хоёр толгойн төслийг эхлүүлснээр жирийн иргэдийн аж амьдралд шууд нөлөөлөх боломжтой зүйл нь ажлын байр билээ. Харамсалтай нь уул уурхайн салбар бусад салбартай харьцуулахад ажлын байр бий болгох боломжоор тун тааруу байдаг байна. 2007 оны байдлаар уул уурхайн салбарын ДНБ-ны хэмжээ болон ажиллагсадын тоог бусад салбаруудтай харьцуулан авч үзье.

Салбар

ДНБ-ны хэмжээ, оны үнээр, сая төг

Нийт ДНБ-д эзлэх хувь

Ажиллаг-садын тоо, мянга

Нийт ажиллагсадад эзлэх хувь

Уул уурхай, олборлох салбар

1,248,592.9

27.5%

44.1

4%

ХАА, агнуур, ойн аж ахуй

937,716.4

20.6%

385.6

38%

Боловсруулах үйлдвэр

188,432.3

6.1%

47.9

5%

Барилга

85,622.6

2.2%

60.0

6%

Жижиглэнгийн болон бөөний худалдаа

345,947.0

14.2%

162.2

16%

Эх үүсвэр: Монголын Улсын статистикийн эмхэтгэл, 2007 он.

Дээрх тоо баримтаас ДНБ-ний дийлэнхийг үйлдвэрлэгч уул уурхайн салбар хамгийн цөөн тооны ажиллагсадтай байгаа нь харагдаж байна.

Одоо ОТОАЦТ-нд тусгаснаар Оюу толгойн төсөлд хичнээн ажилтан ажиллах талаар тоо баримттай танилцая. Айвенхоу Майнз компаниас ОТОАЦТ-г гаргахдаа нилээд хэдэн зүйлээр ташаа ойлголт өгч буйн нэг нь төслийн хавсарга компаниудад шинээр бий болох ажлын байрны тоог бодит байдалд нийцэхээргүй хэтрүүлэн мэдээлсэн явдал юм хэмээн Нээлттэй Нийгэм Форумын мэдэгдэлд дурдсан байна. Үүнийг үл өгүүлэн зөвхөн Айвенхоу Майнз компанид төслийн эхний 12 жилд ажиллах боловсон хүчний тоог дараахь хүснэгтээс харцгаая.

Эхний үед ажиллах ажилтнуудын тоо

Жил

Гадаадын мэргэжилтнүүд

Нийт ажиллагсад

1

78

880

4

43

1095

8

12

1185

12

7

1187

Эх үүсвэр: Оюу Толгой Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөө,

Хураангуй, хуудас 90.

Уг төлөвлөгөөнд цааш дурдахдаа “Монголын боловсролын түвшин нилээд өндөр ч Оюу толгойд шаардагдах тусгай техникийн болон бизнесийн мэргэшил болон мэдлэгийн хувьд дутагдалтай байна.” хэмээгээд “Монголын ажиллах хүчний хувийг 5 дахь жил гэхэд 90 хувьд хүргэхээр төлөвлөж байна” гэжээ. “Монголын барилгын салбарын ажиллах хүч нь бага хэмжээтэй бөгөөд иймэрхүү цар хүрээний нарийн уул уурхайн төсөлд оролцож байсан туршлагагүй юм. Орд газар нь их хэмжээний мэргэшсэн ажиллах хүчинтэй, аж үйлдвэрийн салбар нь томоохон хэмжээний орчин үеийн уул уурхайн үйлдвэрийн дадлага туршлагатай Хятад улстай ойрхон байрлалтай гэжээ.” (Оюу Толгой Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөө, Хураангуй, хуудас 15, 86.) Дээрх байдлаас харахад Оюу толгой төсөлд ажиллах мянга гаруй ажлын байр эхний 5 жилд монголчуудад оногдохгүй нь бололтой.

Ер нь эрдэмтэдийн тооцоолсноор уул уурхайн төслийн ажлын байрны тоог хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан барагцаалдаг бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн үйлдвэр 1500-аас ихгүй ажлын байр бий болгодог гэжээ. (Уиллам Ф.Арнольд, Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар ба тогтвортой байдлын гэрээ, III хэсэг А, 2004 он): Тиймээс Оюу толгойн төсөл ихээр бодоход 3000 орчим ажлын байр л шинээр бий болгох тул эрх баригчдын хэлж байгаачлан гэрээ байгуулсны маргааш л ажилтай болох найдлага өвөрлөсөн олон мянган ажилгүйчүүдийн хүлээлт талаар болох нээ.

Стратегийн орд газрыг ямар ч хамаагүй нөхцөлөөр ашиглах нь Монгол улсад ашиг өгөх үү.

Монгол улсад нийт 15 стратегийн орд газар бүртгэгдээд байна. Стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулах үйл явцыг хурдавчлах нь улсын эдийн засагт ойрын үед сайнаар нөлөөлнө хэмээн улс төрчид итгүүлэхээр оролдож байна. Үүнд итгэж хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад ашиггүй нөхцөлөөр байгуулах нь зөв үү. Энэ асуултын хариу болохоор нэгэн үйл явдал Монголд улсад хэдийнэ өрнөөд байгааг монголчууд бид аанай л анзаарахгүй явна. Биднийг Оюу толгой, Таван толгойн ордуудад анхаарлаа хандуулж хоорондоо талцан хөлөө жийлцэж байх зуур нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орох бас нэгэн орд газар манай улсын нутаг дэвсгэрт илэрч, олборлолт эхлээд нэг жил болж байна гэнэ.

Энэ бол Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байдаг Овоот толгой хэмээх газарт илэрсэн сайн чанарын нүүрсний орд юм. Батлагдсан нөөцийн хэмжээ нь 188 сая тонн бөгөөд үйлдвэрлэлийн оргил үедээ жилд 5 сая тонн нүүрс буюу манай улсын дотоодын бүтэн жилийн хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээний нүүрс олборлох гэнэ. Соус Гоби Энержи Ресурсес хэмээх Канадын компанийн 100%-ийн өмчлөлд байдаг энэ уурхай 2008 оны 6 сард албан ёсны нээлтээ хийсэн боловч 2007 оноос хойш олборлолт хийж байгаа гэнэ. Одоогоор 180 ажилтантай бөгөөд олборлолт ид явагдаж уурхай 24 цагаар ажиллаж байна. Хятадын хоёр ч компанитай гэрээ байгуулж нүүрс экспортлож байгаа бөгөөд 2008 онд 700,000 тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна. Компаний боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар нэг тонн нүүрсийг 20-21 ам.доллараар экспортлож буй тус компани одоогоор улсын төсөвт лицензийн төлбөр болон тонн тутамд 1000 төгрөгөөр тооцон гаалийн татвар төлснөөс өөрөөр орлого оруулаагүй бололтой.

Манай Засгийн Газрын холбогдох мэргэжлийн байгууллагаас тус уурхайн техник эдийн засгийн үндэслэлд дүн шинжилгээ хийж ашиглалтын лицензийг олгосон боловч стратегийн орд газрын ангилалд одоо болтол бүртгээгүй байна. Манай улсын дотоодын хэрэгцээг 40 жилийн туршид хангах хэмжээний нөөцтэй эл ордыг стратегийн ангилалд хамааруулаагүйн учрыг эрх мэдэлтнүүдээс асуухсан. Түүнчлэн ийм томхон хэмжээний орд газар ашиглалтанд орчихоод байхад улсын эдийн засаг, иргэдийн аж амьдралд эерэг нөлөөлөл мэдрэгдэхгүй байгаагийн учрыг улс төрчдөөс асуухсан.

Ямар уул уурхай улсын төсөвт хамгийн их орлого оруулав.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Монгол улс уул уурхайн салбараас орох гэнэтийн их орлогоор бялуурч өөд уруугүй баярхан цацаж суусны эх үүсвэр юу байв. Үүнд дараах хэдэн тоо баримт хариулт өгөхөөр байна. 2006 оны байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас татвар хураамж, ноогдол ашгийн хэлбэрээр нийт 502,093,210 сая төгрөг орсны 90% буюу 437,677,031 сая төгрөгийг улсын өмчит Эрдэнэт үйлдвэр дангаараа оруулсан байна. Эл орлогын үндсэн хэсгийг бүрдүүлж буй зарим татвар, төлбөр, ноогдол ашгийг дараах хүснэгтээр харуулав.

Улсын төсөвт орсон орлого

Салбарын дүн (сая төгрөг)

Эрдэнэт үйлдвэр (сая төгрөг)

Эрдэнэт үйлдвэрийн эзлэх хувь

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

132,122,838

127,650,957

97%

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар

176,235,102

172,601,265

98%

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

39,452,649

21,603,999

55%

Ноогдол ашиг

97,408,079

96,426,932

99%

Эх үүсвэр: Монгол Улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын 2006 оны тайлан эмхэтгэл.

Дээрх тоо баримтаас харахад улсын мэдлийн уул уурхайн Эрдэнэт үйлдвэр ОҮИТБС-ын 2006 оны тайланд хамрагдсан бусад 24 хувийн хэвшлийн компаниудаас хавигүй их үр өгөөжийг Монгол улс болон монголчууд бидэнд өгч буй нь харагдаж байна. Хувийн хэвшлийн уурхайнуудын Монголын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл эрдсийн үнэ өндөр байх үед ч туйлын хангалтгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл байна.

Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр Эрдэнэт үйлдвэр харьцангуй бага хувь эзлэж байгаа боловч бусад татвар хураамжид дийлэнх хувийг эзлэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр бага нөөц ашиглаад их хэмжээний татвар болон ноогдол ашгийг бий болгосон гэсэн үг. Нөгөө талаас авч үзвэл хувийн хэвшлийн уурхайнууд нөөцийн тал орчим хувийг ашигласан атал маш бага татвар төлөөс төлж байгааг харуулна. Эндээс дүгнэхэд хувийн хэвшлийнхэн улсад төлөх ёстой татвараас бултах, нуун дарагдуулах зэргээс хууль зөрчсөн байж болзошгүй бөгөөд эс бөгөөс Засгийн Газар тэдгээр компаниудад татварын тусгай хөнгөлөлт эдлүүлэх буюу улсад ашиггүй гэрээ хэлэлцээр хийдэг болохыг харуулж байна.

Дээрх байдлуудыг дүгнэж үзвэл Засгийн Газар хямралаас гарах найдлага өвөрлөн хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагчдад хэт найр тавьсан нөхцөлөөр хийж манай улсын эдийн засагт хэтдээ хамгийн их үр өгөөж өгөх хоёр том орд газрыг үнэгүйдүүлэх эсэхийг сайтар бодолцох хэрэгтэй. Хямралын үед монголын эдийн засагт төдийлөн сайн нөлөө үзүүлэхгүй гэвэл орд газруудын үнэ цэнэ улам нэмэгдэх таатай үеийг хүлээн харзнах хэрэгтэй. Эдгээр орд газрууд монголын хойч үеийнхэнд олон жилийн туршид үр өгөөжөө өгөх ёсой бөгөөд , улс орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийн баталгаа билээ.



Иргэн X

No comments:

Post a Comment