Saturday, January 17, 2009

УСАН СПОРТ ба “УЛААНЫ” ЦЭРГҮҮДИЙН БУЛХАЙ

УСАН СПОРТ ба “УЛААНЫ” ЦЭРГҮҮДИЙН БУЛХАЙ
1. ЭРҮҮЛ МЭНД ба УСАН СПОРТ

1980-аад оны дундуур зүүн Германы эрдэмтэд ямар төрлийн спорт хүний бие организмд хамгийн эерэг сайнаар нөлөөтөй, гэмтэл бэртэл бага авдаг зэргийг 570 тамирчинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаад усан сэлэлтийн (холын зайн ) тамирчидийн 98% нь эрүүл, харин цана 81% (холын зайн ), гүйлт (холын зайн ) 69% гэж тогтоожээ.

Судалгаанаас үзэхэд холын зайн усанд сэлэлтийн 100 тамирчнаас 98 хүн онц ноцтой өвчингүй, харин 1 хүний сонсголд (ус орсон чихийг буруу арчилсан), 1 хүний зүрхний үйл ажиллагаанд уг спорт муугаар нөлөөлсөн нь тогтоогджээ. Түүнчлэн гүйлтийн 100 хүнээс 31 тамирчинд түнх, өвдөг, шагай, тавхайн гэмтэл бэртэл, элэгдэл, тулгаралт мултралт, шөрмөс тасралт, шулуун тавхай, зүрхний ажиллагааны дутагдал, хэт туралтын процес ажиглагджээ. Амь нас, бие организмд хамгийн түгээмэл аюултай спортоор уулын спорт, бокс ба бөхийн бүх төрөл, хэрэглэлийн гимнастик, дугуй ба мотоспорт багтаж байна.

Усан сэлэлтээр хичээллэхэд усны мандал дээрх тоосгүй агаараар амьсгалж, уушигны багтаамж ба зүрх судасны үйл ажиллагаа эрс сайжирч, хүний бүх булчин шөрмөс жигд хөгжиж, өөх хамгийн ихээр задарч зарцуулагддаг юм байна. Бүх төрлийн насны хүмүүс (5-100нас) хичээллэж болох хамгийн ашиг тустай, ерөнхий биеийн хөгжилд дээд зэргийн сайнаар нөлөөлдөг, эрүүл спорт гэдгийг эрдэмтэд одоо ч баталсаар байна. Ялангуяа 5-6 наснаасаа усанд сэлсэн хүүхдийн өсөлт эрс сайжирч, эрүүл чийрэг,өв тэгш хөгжилтэй, өндөр сайхан бие галбиртай болдог байна.

Ийм учраас 1960-аад оны сүүлээр БНАГУлс хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд 10 жилийн сургуулийн програмд усан сэлэлтийг оруулж, уг спортыг төрийн зүгээс дээд зэргээр анхааралдаа авснаар зүүн Германы усан спорт нь нийтийн биеийн тамир гэсэн утгаасаа хальж 15 жилийн дотор дэлхийд ноёрхох болсон. Одоо ч гэсэн барууны хөгжингүй ихэнх орнуудын сургуулийн програмд албан ёсоор ордог цорын ганц спортын төрөл нь усанд сэлэлт хэвээр байна.

Олимп тив дэлхийн тэмцээнд 50 ,100, 200 м-т 4 төрлийн сэлэлтээр, мөн 200 , 400м-т холимог, буухиа , 800-1500м-т өврөөр даллах сэлэлтээр уралддаг. Мөн ахмад мастеруудын ДАШТ хоёр жил тутам зохиогдож 25-104 (104нас андуураагүй!!!) хүртлэх насны ангилалд бүх төрлийн сэлэлтээр уралдаж байна.

Монголд усан спорт хөгжихгүй гэж ярьдаг олон хүн бий. Спортын амжилт нь зөвхөн хооллолттой холбоотой бус хамгийн гол нь шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй бэлтгэл сургуулилттай л холбоотой учир Mонгол хүнтэй биеийн хэлбэр галбир, ерөнхий пропорцоор ижил төстөй Япон , Хятадууд тив, дэлхий, олимпийн тэмцээнд түрүүлж, дэлхийн рекорд тогтоож чадсаар байна .

Сэлэлтийн тамирчдийн оргил үе нь 19-27 насанд байдаг бөгөөд түүхэнд 15 настайдаа усан сэлэлтээр олимпийн аварга болсон 2-ч хүн байна. Их спортоо орхиод эргэж орсон (33 настай, гэр бүлтэй ,хүүхэдтэй) 2 эмэгтэй тамирчин 2000 оны Сиднейн олимп , 2004 оны Барселонд болсон Европын АШТ-нд тус бүр хоёр, хоёр алтан медаль авлаа. Сүүлийн 15 жилд холын зайн марафон сэлэлтийн тив, дэлхийн АШТ тогтмол зохиогдож байгаа бөгөөд ил задгай усанд ( нуур, далайд ) 5 , 10 , 20, 50 км-т, Ультра марафон тэмцээнд 100км хүртэлх зайд тамирчид уралдаж байна.

1997 онд Австралийн эмэгтэй тамирчин Сузи Марони нь Кубаас Флоридагийн хоорондох 175км зайг 25 цагийн дотор сэлж байв. Энэ нь холын зайд зогсолтгүй сэлсэн дэлхийн дээд амжилт болсон. Энэ онд Австралийн эрэгтэй тамирчин Хятадын Шар мөрөнд 4600 км газрыг 50 өдрийн дотор сэлэх гэж байна. Энэ хүний өмнөх амжилт нь 50 өдөрт 3797 км байжээ. Австралийн эмэгтэй тамирчин Таня Нолан 15 настайдаа Ла-Маншийн хоолойг 8 цаг 29 минут сэлж энэ нь дэлхийн түүхэн дэх бүх тамирчдийн 4 дэх амжилт байв.

Усан спорттой холбоотой зарим чухал сайтууд:

fina.org; swimnews.com; abc.net.au; oceanswims.com; swim.ee; gsv1.de; sportnationvideo.com; per4m.ca; buehlerbluemarlins.com; swim_city.com; goswim.com; dartswim.com.
2. ХОЛБОО ба ГОВИЙНХОН

МУССХолбоо анх 1991 онд байгуулагдаж улмаар Олон улсын усанд сэлэлтийн холбоонд (FINA) 1995 онд элссэн. Манай Холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл цэгцрээгүй, гадаадад тэмцээнд тамирчин явуулах бүрт маргаантай асуудал гардаг гол шалтгаан нь Холбооны удирдлагад (Ерөнхийлөгч,Тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн дарга г.м) ихэвчлэн хувийн ашиг сонирхлыг илүүд тавьсан, усан спортыг огт мэдэхгүй хүмүүсийг сонгосноос болж байна .

2ОО1 оны 5-р сард Японд болсон ДАШТ-д тухайн үед Холбооны ерөнхийлөгч хараахан болоогүй байсан эрхэм гишүүн, Сангийн сайд Ч.Улааны охиныг явуулахын эсрэг Холбооны хяналтын зөвлөл ба УБ хотын шударга багш дасгалжуулагч нийлсэн 11 хүн саад хийсэн тул 2001 оны 6-р сард болсон холбооны ээлжит их хурлаар эдгээр 11 хүнээс (үүнээс 7 ньтэргүүлэгч, 4 нь багш) зөвхөн 1 хүн тэргүүлэгчээр үлдэж бусад нь сайд Улааны шууд шахалтаар Холбооноос зайлуулагдаж, дараа нь Улааны 10 жилийн найз бөгөөд эрхэм гишүүний дэмжлэгээр бассейны шинэ захирал болсон Ш. Дөрвөнжин бассейнд ажиллаж байсан хэдийг нь ажлаас халсан.

Тухайн үед холбооны 4 тэргүүлэгч ба нарийн бичгийн дарга нар хуйвалдан эрхэм гишүүн Улааныг холбооны ерөнхийлөгчөөр сонгоход хяналтын зөвлөл саад хийж чадаагүй юм. Улаан ерөнхийлөгч болонгуутаа өөрийг нь сонгоход хамгийнгол үүрэг гүйцэтгэсэн нарийн бичгийн дарга ба 4 тэргүүлэгчийг холбооноос зайлуулж бас чадсан. Эхлэн суралцагчдын 45 хоногийн сургалт дуусгаад, дөнгөж усанд сэлж сурч байгаа 11 настай охиноо сайн тамирчны оронд явуулж улсын мөнгөөр газар үзүүлэхэд бэлэн байсан сайд Улаан манай холбоог шударгаар удирдана гэдэгт хяналтын зөвлөл тэр үед эргэлзэж байсан юм.

2001 оны 6 сард холбооны хурлаар Сангийн сайд Ч.Улаан ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний саналаар холбооны тэргүүлэгчдэд

1. Х.Амарсайхан ( СЭЗЯ-ны Санхүү хариуцсан Гад.Хэлтсийн ажилтан)

2. Ж.Энхбаяр (ГЕГ-ын НОАТГ-н дарга)

3. Д.Олзбаатар ( Эрдэнэт ТЗ өртөөний дарга)

4. Д.Ганбаатар (ЭС ЖИ Группийн Ерөнхийлөгч)

5. Л.Эрдэнэбат Холбооны н.б.д (Тахь–Ко) компани )

6. Ганбат (Одоо Ш.Дөрвөнжин УБ Бассейний захирал) (Тайлбар: УБ бассейний даргыг холбооны 2001 оны 6-р сард баталсан шинэ дүрмийн дагуу автоматаар Тэргүүлэгчээр болгодог)

7. Д.Баясгалан (Эрдэнэт Хангарьд компаний захирал)

8. Ш.Цогтбаатар ( Хангарьд клубын багш)

9. Б.Сүхбат ( Хангарьд клубын багш)

10. А.Сүхдорж (BSB-компаний захирал)

11. Р.Бадрах (Хүрээ -Дэл компаний захирал) гэсэн 11 хүнийг сонгосон.

Эхний 7 хүн бол усан спортын талаар анхны ч мэдэгдэхүүнгүй, УБ бассейнд сүүлийн 3 жилд хөл тавьж ч үзээгүй хүмүүс гэхэд нэг их хилсдэхгүй бөгөөд энэ хугацаанд Ч.Улаантай нийлж огт өөр л зүйл хийж байгаа болов уу. Эдгээр 11 хүнээс усанд сэлдэг нь сүүлийн 3 хүн. Бусад 8-нь усан спортын ач холбогдлыг огт мэдэхгүй, усанд хөлөө ч дүрдэггүй, ёстой л говьд л амьдарч байвал тун тохирох хүмүүс .

Харин бахархууштай нь: 11 хүнээс усны багш дасгалжуулагчийн мэргэжилтэй цорын ганц хүн бол Өмнөговь аймагт төрж өссөн, мэргэжлийн хувьд манай цөөн хэдэн сайн дасгалжуулагчдын нэг болох Бадрах билээ. Б.Сүхбат нэг жилийн өмнө Испанид болсон ДАШТ-д дасгалжуулагчаар явж ирээд усан спортоо хаяж Солонгост ажиллахаар явсан.

Мөн энэ дотроос усан спортод үнэхээр элэгтэй , хаяж чаддаггүй, боломж гарахад л бассейнд сэлдэг, усны холбооны ажилд хөрөнгө мөнгө гаргадаг цорын ганц хүн бол BSB-гийн захирал Сүхдорж юм.

Монголд усны багш дасгалжуулагч мэргэжлээр дээд сургууль төгссөн 15 хүн байдгаас одоо 4 хүн л УБ бассейнд (Хангарьдад огт байхгүй) ажиллаж байна. Харин УБ, Эрдэнэтийн бусад багш нар нь өөрсдөө сэлдэг, мэргэшсэн хүмүүс юм.

Тэргүүлэгчдийн дотор УБ бассейний багш дасгалжуулагчдаас нэг ч хүн ороогүй тул гадаадад тэмцээнд ямар тамирчин оруулахаа Дэд Ерөнхийлөгч Баясгалан нь спортын шударга зарчмийг бус Хангарьд Клубынхээ эрх ашгийг 1-рт тавьж байж шийддэг.

Холбооны дүрмийн дагуу Холбооны тамга тэмдэг ерөнхий нарийн бичгийн дарга дээр байх ёстой боловч усны талаар анхны мэдэгдэхүүнгүй Л.Эрдэнэбат бүхий л зүйлээ дэд ерөнхийлөгчдөө (МУССХ-ны албан ёсны маягт, хаяг бүгд Баясгалангийн нэр дээр) хариуцуулжээ.

Энэ бүх байдлаас болж усан спорт маань хуйвалдааны спорт болон хувирч тамирчдийн амжилт ерөнхийдөө буурлаа. Одоогоор манай тамирчдийн амжилт нь дэлхийн ахмад мастеруудын амжилтын 50-54 насны ангиллын амжилттай дүйцэж байна.

Зөвхөн сүүлийн гурван жилийн УАШТ-ээс харахад тамирчид нь хувийн дүнгээр 2002 онд сэлэлтийн 8 төрөлд, 2003 онд 6 төрөлд, харин 2004 онд 5 төрөлд уралдсан. Тэмцээний хөтөлбөрт орж буй сэлэлтийн төрөл ийнхүү багассаар байна.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл тэмцээн зохиогдохоо ч болих байх. Хэрэв усан спорт хөгжиж байгаа бол ядаж тэмцээний програмд орж буй сэлэлтийн төрөл нэмэгдэх ёстой. Ингэж өргөжин тэлсний үр дүнд л амжилт сайжрах болно. Ажлын чадвар муу, мөн холбооны мөнгөөр зөвхөн гадаадад явж зугаалах сонирхолтой удирдлагад маань өөрчлөлт хийх цаг нэгэнт иржээ.

Муугаа үзэх гээгүй бол өөрсдөө саналаараа огцрооч. “Тус хийхгүй бол ядаж гай бүү бол, тэгвэл хүн болсны хэрэг бараг бүтнэ” гэдэг ухаант үгийг санаач!

3. ӨРНӨЛТСАЙХАН ба ХУЙВАЛДААН

Хувийн дүнгээр энэ оны УАШТ-д Г. Өрнөлтсайхан 3 алт, 1 хүрэл харин А.Тамир 2 мөнгө, 1 хүрэл авч хэн нь хэн бэ гэдэг асуудал ил тод болсон байхад Холбооны удирдлага А.Тамирыг явуулахаар албан ёсоор шийдээд байна. “МҮОХ-оос явуулсан нэрсээс (Х.Энхмандах, Г.Өрнөлтсайхан, А.Тамир) амжилтаар нь сонгон FINA нь А.Тамирын нэрийг МҮОХ-нд ирүүлсэн” гэж надад МҮОХ-ны гадаад харилцааны хэлтсийн Отгонцагаан албан ёсоор хариу өгсөн. “Усны холбооноос өгсөн нэрийг л МҮОХ-ны ГХХэлтэс цааш FINA-д дамжуулсан юм” гэнэ. Асуудалын гол нь яг үнэхээр 3 хүний нэр явуулсан уу, хэрэв үнэн бол дагалдах буюу нүүр хуудсанд чухам юу гэж бичсэн нь сонин байгаа юм. Гэтэл огт дагалдах бичиггүйгээр, тайлбаргүйгээр зөвхөн л 3 хүний анкет явуулсан гэж яриад байгаа нь байж боломгүй зүйл юм.

FINA-с ирсэн Fax-ийг орчуулбал

“2004 оны Афины 28-р Олимпид танай ҮОХорооноос баталсан тохиолдолд Андрейн Тамир 50м-ийн өврөөр даллах сэлэлтэд оролцох боломжтой болсныг мэдэгдье. 2004.7.21-ны дотор хариу ирүүлнэ үү. Аливаа нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзвэл бидэнтэй чөлөөтэй дахин холбоо барина уу” гэжээ.

Гэтэл энэ Fax-ийг авангуутаа МҮОХ хэвлэл мэдээллээр 2004 оны 5-р сарын эхээр шууд цацсан байна. Г.Өрнөлтсайхан, А.Тамир хоёрын ил тод буй амжилтыг ч харгалзалгүй, ядаж 10-аад хоногийн дараа болох УАШТ-ний дүнг ч хүлээлгүйгээр ийм хариуцлагагүй зүйл хийсэн байна.

FINA 3 тамирчнаас 1-ийг сонгосон нь үнэн байлаа ч гэсэн “боломжтой” ба “ёстой” гэдэг 2 үг хоорондоо ихээхэн ялгаатайг ойлгомоор юм. Тэгээд ч цагаан хуудас буюу урилгаар явах тамирчдыг тухайн улсын Холбоо нь шийддэг.

Харин Баясгалан нь “Ямар тамирчин оруулахаа ОУОХ л мэднэ, бид мэдэхгүй” гэж мэдэн будиллаа. Олимпийн тоглолтод цагаан хуудсаар бус харин өндөр шалгуураар оролцдог бокс, бөх, буудлага, жүдо г.м. өөр олон төрөлд ОУОХ-оос нэр зааж эрх олгодог нь үнэн болно.

1998 онд Австралид болсон ДАШТ-д манай усан спортын анхны мастер Н.Наранбат оролцсон атал 2000 оны Сиднейн олимпид манайхаас оролцох тамирчнийг ОУОХ нэр зааж дурьдалгүйгээр 2 цагаан хуудас ирсний дагуу 2000 оны УАШТ-д оролцсон амжилтыг нь л үндэслэн Алтантуяа, Галбадрах хоёрыг олимпид оролцуулахаар Холбооны Багш дасгалжуулагчдын зөвлөл шийдсэн. Тэр үед Холбооны дэд ерөнхийлөгч бүү хэл ерөнхийлөгч ч энэ асуудалд оролцоогүй бөгөөд оролцох ч эрхгүй билээ.

Харин энэ удаа Багш дасгалжуулагчдын зөвлөл бус харин Холбооны бүх эрхийг хууль бусаар гартаа авсан усан спортоор мэргэжлийн ч бус, мэргэшсэн ч бус дэд ерөнхийлөгч Баясгалан илт шударга биш байдлаар олимпид оролцох тамирчнийг “тодруулж” байгаа нь спортын ил тод шударга зарчимд огт нийцэхгүй байна. МҮОХ ийм хүнийг магтаж шагнаж үйл ажиллагаатай нь эвлэрч буй нь тун харамсалтай.

Афин 2004 олимпийн тоглолтод нэр дэвшсэн А.Тамирын амжилт 50 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд

2002 онд 25.86 сек 2-р байр

2003 онд 25.97 сек 3-р байр

2004 онд 25.98 сек 3-р байр

харин олимпид орох “эрхгүй хоцорсон” Г.Өрнөлтсайханы амжилт

2002 онд 25.75 сек 1 -р байр

2003 онд 25.45 сек 1-р байр

2004 онд 25.03 сек 1-р байр тус тус байна.

Өөрөөр хэлбэл энэ оны 50 м-ийн өврөөр даллах сэлэлтэд Өрнөлтсайхан нь Тамираас 0.95 секундийн (бараг л 1 сек) өмнө буюу 1 м 83 см-аар түрүүлж барианд оржээ. Энэ бол 50 метрийн зайн хувьд асар том ялгаа. Тив дэлхий олимпийн тоглолтонд медалийн хувь заяа 0.01 секундээр буюу 1-2 см-ийн ялгаагаар шийдэгддэг.

А.Тамирын 50м-ийн амжилт сүүлийн 3 жилд тогтмол буурч, харин АНУ-д нэг жил бэлтгэл хийсэн, манайхаар америк школтой Г.Өрнөлтсайханы амжилт тогтмол өсөж сүүлийн 3 жил дараалан уг зайд улсын аварга болсон байна.

2004.05.22-23 нд болсон энэ жилийн УАШТ-д эрэгтэйчүүдийн хувийн амжилт (медальтнууд):




Нэрс


Клуб





Алт


Мөнгө


Хүрэл




1


Г. Өрнөлтсайхан


УБ


3





1




2


Ж.Вилкес


Хангарьд


1


2







3


Э. Баттүшиг


Хангарьд


1










4


А. Тамир


Хангарьд





2


1




5


Э. Золзаяа


Хангарьд





1







6


Б. Дөлгөөн


Хангарьд








1




7

8


Х. Энхмандах


Хангарьд








1




Б. Сонин-эрдэнэ


Хангарьд








1






Дээрх үзүүлэлтээр хэн нь сайн бэ гэдэг нь ямар ч маргаангүй нотлогдсон бөгөөд тамирчны хоорондын ялгаа бодитоор ийм байхад Тамир явах нь зөв гэж Баясгалан хэлээд л сууж байх юм. А.Тамирийн амжилтын ерөнхий байдал нь одоогоор чансаагаараа 3-4д бичигдэж байгаа бөгөөд бэлтгэл сайн хийвэл 1-2 жилийн дараа №1 тамирчин болох бүрэн боломжтой.

Усны холбооны удирдлага гаргасан шударга бус шийдвэрээ эргэн харж, хэн сайн нь Олимпид оролцох ёстой гэсэн спортын шударга зарчмыг уландаа гишгэхээ болин тамирчин хүний 4 жилийн хөдөлмөрийг зөв үнэлмээр байна.

Хэвлэл мэдээллээр олимпид оролцох боллоо гэж цацагдан баярлаж буй А.Тамир огт буруугүй бөгөөд түүний сэтгэл санааны хохирлыг Холбооны удирдлага, түүний дотроос Д.Баясгалан, Л.Эрдэнэбат нар голчлон хүлээх ёстой. Холбоог удирдан ажиллаж чадахгүй байгаа Ч.Улаан ч өөрцгүй.

Хэрэв холбооны удирдлага өөрсдийн бурууг ойлгож гаргасан алдаагаа шударгаар засаж чаддаггүй юм гэхэд ядаж “А.Тамир хувийн шалтгаанаар явах боломжгүй” тул оронд нь Г.Өрнөлтсайханыг явуулах боллоо гэж тайлбарлаж болохсон.

Үндэсний бөхийн улсын аварга, сонирхогчдын сумо-гийн дэлхийн 2 удаагийн аварга А.Сүхбатад атаархан 3 дахь тэмцээнд нь явуулалгүй “өөр илүү сайн хүн бий” гээд явуулсан бөх нь яалаа. Үүнээс болж 2 аваргын хооронд хэтрүүлж ярихад дайсагнасан уур амьсгал ч гарсан.

Холбоодынхоо үйл ажиллагаанд хяналт тавих ёстой МҮОХ таг дүлий сууж бие биендээ одон медаль гардуулсаар байх нь зөв үү!

Иймэрхүү шударга бус явдлаас болж олон сайн тамирчид спортоо хаяж байна. Д.Баясгалан ба түүнийг дагалдан баясагч, мөн усан спортод огт элэггүй, түүнчлэн холбооны ажилд оролцдоггүй хүмүүс суудлаа суллавал зохино. Аливаа улс орон хоцрогдсон бүдүүлэг, харанхуй байх тусам тэнд арын хаалга улам цэцэглэн хөгждөг зарчим нь манай спортын холбоодод мөн л адилаар үйлчилдэг бололтой.

4. “АЛТАН” ДЭЛГЭРМАА БА ХАРАНХУЙ

Олимпийн өмнөх жил Испанийн Барселонд болсон ДАШТ-д Усны холбооны удирдлага нь амжилтаараа хамгийн сайн эрэгтэй,эмэгтэй нэг нэг тамирчнаа явуулах ёстой байтал 3 эрэгтэй тамирчинг явуулжээ.

Баясгалан, Эрдэнэбат нар ядаж англи хэлтэйсэн бол, үгүй ядаж англи хэлтэй хүн олоод орчуулуулаад ойлгочих чадвартайсан бол FINA-ийн дүрэмд:

“Олимпийн өмнөх жилд болдог ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчнаа (Энэ ДАШТ-д тамирчны хувийн амжилтыг огт харгалзалгүй орохыг FINA зөвшөөрдөг юм) оруулсан тохиолдолд дараа жилийн нь олимпийн тоглолтод уг холбоо цагаан хуудсаар 1 эр,1 эм тамирчин явах эрхтэй” гэж заасныг ухаарахсан билээ.

Үүнээс болж сүүлийн 3 жилд эмэгтэй усчид дотроо илт давамгайлж 1-д бичигдэж буй Эрдэнэтийн Хангарьд клубийн М.Дэлгэрмаа нь тамирчин хүний амьдралд ховор тохиолдох олимпийн тоглолтонд оролцох эрхгүй боллоо. Түүнийг хэл амтай гэсэн шалтгаар 2003 оны ДАШТ-д явуулаагүй гэнэ.

М.Дэлгэрмаа сүүлийн 3 жил дараалан УАШТ-д оролцсон зай болгондоо бусдаас илэрхий давуу түрүүлэн нийт 15 алтан медаль хүртжээ. 2002 онд 6 алт; 2003 онд 5 алт; 2004 онд 4 алт авсан буюу сүүлийн 3 жилд алтнаас өөр медаль авч үзээгүй тул “Алтан” Дэлгэрмаа гэж хүндлүүлэхээс өөр аргагүй болжээ. (Сүүлийн 3 жилд хамгийн амжилттай байсан 3 эмэгтэй тамирчний үзүүлэлт: М.Дэлгэрмаа 15 Алт, Б.Майцэцэг 2 Алт, 5 Мөнгө, 3 Хүрэл, Л.Билгүүн 2А, 3М, 5Х)

5. АЙДАС ба МЭДЛЭГ

Сая болж өнгөрсөн УАШТ-ний төгсгөлд багийн дүнд албан ёсоор оруулахгүйгээр Монголд анх удаа эмэгтэйчүүдийн 800м, эрэгтэйчүүдийн 1500м-ийн чөлөөлт сэлэлтийг явуулах саналыг үүнийг бичигч бивээр гаргаж УБ, Эрдэнэтийн багш, дасгалжуулагч, тамирчид дэмжин зөвшөөрч оролцоход бэлэн байсан боловч холбооны удирдлагаас тухайн үед хүрэлцэн ирсэн байсан Дэд ерөнхийлөгч Баясгалан, нарийн бичгийн дарга Эрдэнэбат, УБ бассейний захирал Дөрвөнжин нар доорхи тайлбарыг тавьж эрс эсэргүүцээд уг сэлэлт явагдсангүй.

Д.Баясгалан : Эрдэнэтийн тамирчид урьд нь энэ талаар мэдэхгүй байсан тул бэлтгэлгүй байна. Иймд бид тамирчдаа хамаагүй холын зайд явуулж болохгүй, хайрлах хэрэгтэй, их шахвал бие муутай болно. 800м, 1500м-т сэлнэ гэж мэдээгүй тамирчид хэцүү байдалд орно. Дэд ерөнхийлөгчийн хувьд би зөвшөөрөхгүй

Л.Эрдэнэбат : албан ёсоор шагналгүй, бас бэлтгэлгүй тул дэмий.

Ш.Дөрвөнжин : Анх дэмжиж байснаа нөгөө хоёроо татгалзахаар яалт ч үгүй даган дуурайж : Ямар ач холбогдолтой юм бэ, би л энэ асуудлыг зөвшөөрч элдэв юманд хутгалдахгүй гэсэн хариултууд өгч эрс татгалзав.

УБ бассейнд сонгоны 12-16 насны охид хөвгүүд (УБ-ын шилдгүүд нь биш шүү) өдөр бүрийн бэлтгэл дээр 3-4 км сэлдэгийг 3 дарга мэддэг болов уу? Эсвэл “говийн” дарга нарт 800м, 1500м аймшигтай хол санагдсан юм байх даа. Эсвэл оюутан байхдаа холын зайд сэлдэг байснаа бахархалтай хэлээд 1500м-ийн сэлэлтэд оролцох санаатайгаа хэлсэн “хөгшин” намайг гай болж түрүүлэн нэр алдар нь цуурайтана гэж “говийнхон” бодоо юу.

Ямар ач холбогдолтой бөгөөд хүний бие организмд ямар тустай болохоор өндөр хөгжилтөй Японд Сумочид 180 кг хүртлээ таргалж ( мэдээж их таргалалт нь зүрх судас, ходоод гэдэсний үйл ажилгаанд маш хортой ) бетон мэт хатуу дэвжээн дээр шидэлцэж, цусаа гартал алгадалцдаг вэ? Ямар ач холбогдолтой болохоор боксчид хамраа муруйтал, хөмсгөө сэтэртэл, ухаан алдтал нүдэлцдэг вэ? Ямар учраас түнхний ясаа элэгдтэл спорт алхааны тамирчид 10,20,50 км-т уралддаг вэ? Ямар ач холбогдолтой болохоор халтирч үхэж болох ханан хад руу, эсвэл хөл гараа хөлдөөн амь насаа алдах аюулын доор Гималайд уулчид авирдаг вэ?

Дээрх спортын төрлүүд нь эрүүл мэндэд ямар ч ач холбогдолгүй харин ч маш муу хор уршигтай зарим нь маш аюултай спорт юм. Их спортын хамгийн гол утга учир нь түрүүлэх, өрсөлдөгчөө ялан дийлэх, өөрийгөө сорих, даван туулах, ялах, түрүүлэхгүй ч тэмцээнд оролцох гэдэг л зорилгонд байдаг болов уу. Германд “спорт бол аллага “(Sport ist Mord ) гэж ярьдаг ч түүний оновчтой хариу нь “спорт л бол спорт” гэсэн үг байдаг. Хэдийгээр мэргэжлийн тамирчид гэмтэх бэртэх, бие организм нь хугацаанаас өмнө элэгдэж, бие муутай болдог нь түгээмэл боловч энэ бүхнээс айгаад биеэ оторлоод, гамнаад, хайрлаад байвал их спортод ямар ч амжилт гаргахгүй бөгөөд ийм хүн их спортод хүчээ сорьдоггүй юм шүү.

Харин ч усан сэлэлтийн холын зай хүний биед маш их ашигтайг дээр дурьдсан. Энэ бүгдийг ойлгодоггүй дээрх 3 даргын амаар явбал усан спорт Монголд яаж хөгжих вэ. Ийм юм ойлгохгүй бол яаж спортын байгууллагийг удирдан авч явах юм бэ? Дээрх 3 даргаас ядаж МҮОХ-ны гишүүн Баясгалан үүнийг мэддэг баймаарсан.

Сүүлийн жилүүдэд манайд өсвөр үе (12 хүртэл), залуучууд (12-18) , насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд УАШТ явагдаж, багийн дүнгээр ихэвчлэн Хангарьд түрүүлдэг болж. Иймд багийн дүнгээр түрүүлэхийг юуны түрүүнд гол зорилго болгон уралдаан тэмцээний хөтөлбөрөө “гол зорилгондоо” уялдуулан хийдэг болжээ.

Энэ оны УАШТ-ийг мөн л дээрх зарчимд тулгуурлан явууллаа. 50м-ийн мэлхий, ар , дельфин сэлэлтийг тэмцээний хөтөлбөрт огт оруулсангүй. Яагаад гэвэл УБ-т байгаа хуучин мастер, ахмад тамирчид бэлтгэл муутай ч ойрын зайн 50 м-т түрүүлэх магадлал өндөртэй тул багийн дүнд Хангарьд клубт муугаар нөлөөлөх тул дээрх зайг огт оруулсангүй.

Зүй нь монголд усан спорт хөгжихөд хэн, ямар клуб түрүүлэх нь ач холбогдолтой бус, хамгийн гол нь тамирчны амжилт тогтмол ахиж байх явдал юм.

Хоёрдугаар зэргийн тамирчнаа гадаадад арын хаалгаар явуулсаар байтал жинхэнэ сайн тамирчид нь бэлтгэл хийх, уралдах, өрсөлдөх дургүй болж хэрүүл маргаантайгаар гадаадын тэмцээнд явахаас өөрсдөө татгалзаж байна. Ийм л байдлаас болж 90-ээд оны шилдэг тамирчин, усанд сэлэлтийн анхны мастер, бусдаас хол тасархай байсан Н.Наранбат Сиднейн олимпид оролцоогүй, өөрөө татгалзсан.

6. ГҮЗЭЭ ба УХААРАЛ

Эрдэнэтийн Хангарьд клубын бассейн анх 1985 онд байгуулагдсан цагаасаа одоог хүртэл ГОК-оос санхүүжүүлэгддэг бөгөөд улсын ганц саалийн үнээний өгөөж асар их. Тамирчдых нь цалин хөлс, хангамж, бэлтгэл хийх нөхцөл нь манайдаа л дээд зэрэг.

УБ бассейнд тамирчид маань шинээр суралцагчидтайгаа хамт, тусгайдаа сэлэх ч зам байхгүй, нэг зам дээр 5-6 тамирчин ,өдөрт дээд тал нь 90 минут, долоо хоногт 4 өдөр бэлтгэл хийгээд байвал бид хэзээ ч дэлхийн түвшинд ойртохгүй. Харин ийм газраас улсын аварга төрөөд Хангарьдийн тамирчдыг ялж байгаа нь бахдалтай. (Дэлхийн хэмжээний тамирчид өдөрт 2 удаа 6-8 цагаар, долоо хоногт 6-7 өдөр бэлтгэл хийж өдөрт дунджаар 10-15 км зайд сэлдэг).УБ-ын тамирчид бассейнд тодорхой хэмжээний төлбөр төлөөд долоо хоногийн 4 өдөр л бэлтгэл хийх боломжтой. Бассейнд маш олон хүн орж байгаа тул бассейний усны ариун цэвэр ч Эрдэнэтийн бассейний хэмжээнд хүрэхгүй. УБ-д усны чанарыг гайгүй барьж байхын тулд зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээний хлор хийж байгаа нь арьсны элдэв харшил үүсгэх магадлалтай.

Хангарьд клубын хувьд дээрх зовлон огт байхгүй. Эрдэнэтийн бассейнд хэдэн тамирчдаас нь өөр сэлэх хүн бараг байхгүй бөгөөд тамирчид нь төлбөр төлөхгүй. Ганц л жишээ дурдахад: Хоёрхон хоногийн өмнө 2004.06.20нд 17-18 цагийн хооронд зөвхөн би ганцаараа Эрдэнэтийн бассейнд сэлсэн бөгөөд тэнд багш ба эмчээс өөр хүн байсангүй. Эрдэнэтийн бассейнд том хүн эсвэл хүүхэд нэг удаа ороход адилхан 500төг, харин УБ-д ялгаатай: 4000төг ба 2500төг. Эрдэнэтэд нэг сарын төлбөр том хүн 6000төг, хүүхэд 5000төг бол УБ-д 40000төг ба 32000 төг.

ГОК-ийн супер хангамж нь зөвхөн тамирчдад бус бас Хангарьдийн удирдлагад нь цаашилбал МҮОХ-нд ч өгөөжтэй. Ийм байхад улсын хэмжээний тэмцээнд Хангарьдийн л тамирчид үргэлж амжилт гаргах ёстой.

Харин МҮОХ-ны гишүүн Хангарьдийн захирал Баясгалангийн амжилт сайных биш байх.

БА захирлын юу нь сайн бэ гэвэл 3 засагт нүүртэй гэдэг шиг ГОК-д 3 захирал солигдоод байхад дарга бүрийн эвийг нь олоод тэсээд үлдсэнд байгаа юм. Мөн амжилт муу тамирчдыг ямар ч үнээр хамаагүй, ялагдсан ч байсан ялсан хүний орон тоон дээр хуйвалдааны аргаар гадаадад тэмцээнд оруулдаг авъяас түүнд бий. Мөн спортын хүний бус том гүзээ, овор суусан царай ч бий, мөн МҮОХ-ны хамгийн дээд шагнал “Алтан очир” одон ч бий.

Харин Ба дарга англи хэлгүй тул ядаж fairplay гэдэг үгийг толь ашиглан утгыг нь ойлговол зөвхөн өөрт нь ч бус тамирчидад бас хэрэгтэйсэн гэж хэдэн оймс илүү элээсний хувьд зөвлөмөөр байна.

Монголд Хангарьд шиг хөрөнгө мөнгө, сууц савны проблемгүй нэг ч клуб байхгүй. Монгол түмний 40 жил хүсэн хүлээж буй олимпийн аварга онолын хувьд энэ л клубээс эхэлж төрөх ёстой. Гэтэл алга. Өнөө үед их спортод мөнгө асар их нөлөөтөй нь үнэн боловч удирдлага нь чадвар муу, илт хуйвалдааны замаар ажлаа явуулдаг газарт тамирчид хэзээ ч өндөр амжилт гаргахгүй болов уу. БА даргын шударга бус бөйдлыг аялдан дагаагүйн улмаас чөлөөт бөхийн дасгалжуулагч гавъяат Нацагдорж, цанын дасгалжуулагч Ганбаатар зэрэг олон сайн багш дасгалжуулагчид Хангарьдаас “зайлуулагдсан”аас болж тус клубын тамирчдын амжилт буурсаар байна.

Үүний тод жишээ бол саяхан болж өнгөрсөн бүх ард түмний ээлжит спартикадад Хангарьд клуб багийн дүнгээр эхний гурван байрт ч шалгарч чадаагүй явдал юм. БА дарга мэтийн хүмүүс МҮОХ-ны удирдлагад байгаа нь үнэхээр харамсалтай.

Үүнийг бичигч би вээр МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэнтэй уулзаж ярилцаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатууг мэдэрч энэхүү нийтлэлийг бэлдэхээр санаа шулуудан байх зуур үүрэгт ажлаа “онцгой сайн” гүйцэтгэсэн учир БА захирлыг МҮОХ өөрийн хамгийн дээд шагнал болох “Алтан очир”-оор шагнажээ. Шагналыг ер нь ямар хүнд юуны тулд өгдөгийг би одоо л ухаарч байх шиг.

7. УБ БАССЕЙН ба ГЯЛАЛЗУУР

Өнөөдрийн байдлаар УБ бассейний захирлын үйл ажиллагаа манай холбооны ажилд нөлөөтөй тул бассейний захирлыг холбооны 2001 оны дүрмээр тэргүүлэгч шууд болгодог болсон.

УБ хотод албан ёсоор усны Эрч, МЖ, Эрэл ус гэсэн 3 клуб байдаг боловч одоогоор идэхтэй үйл ажиллагаа явуулдаг нь байхгүй. Ихэвчлэн санхүүтэй холбоотой маргаан будилаан гарсан тул үйл ажиллагагаа зогсоосон. Бассейний захиралтай л “хэл амаа” олохгүй бол ганц бассейнтай УБ-д өөр хаана бэлтгэл хийхэв дээ. Хэрэв холбоо нь эдгээр клубийн удирдлагад цаг тухайд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж бассейнтай байгуулсан гэрээнд туслаж хяналттай ажилласан бол ийм байдалд орохгүйсэн. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг ч тухай бүрт нь хяналт шалгалттай, мэргэжлийн заавар зөвлөлгөө өгч байдаг бол дээрх 3 клубын байдал арай ч өөр байх байсан.

Клубүүд нь тамирчдаасаа, тэдний ар гэр, пүүс компаниас тодорхой хэмжээний төлбөр, татвар, хандив авч түүнээсээ гэрээний дагуу бассейнд төлбөр төлж мөн багш дасгалжуулагчаа цалинжуулдаг байв. Ийм тохиолдолд төрөл бүрийн хүндрэл маш их гарна.

Зах зээлийн өнөөгийн үед амьдралын боломжтой хүмүүс, тэдний үр хүүхэд л бассейнд сэлж байгаа бөгөөд УБ хотын хувьд усны тамирчид бэлтгэл сургуулилт хийхэд маш түвэгтэй болжээ.

УБ бассейн сүүлийн 3 жил “орлогын” хойноос хөөцөлдөж одоогоор нэг багш эхлэн сургалтанд 8, давтан сургалтад 12-оос илүүгүй хичээллэгчидтэй байх ёстой боловч зарим үед нийлээд 30-40 хүрч байгаа нь сургалтын чанар цаашдаа хичээллэгчдийн аюулгүй байдалд ч нөлөөлмөөр.

Багш нар урд нь 45 хоногийн амралтын мөнгө авдаг байсан бол одоо бодит ачаалал хэд дахин нэмэгдсэн атал төрийн албаны үйлчилгээний тариф гээд амралтаа 14-21 хоногоор бодуулдаг болжээ.

Бассейнд сэлдэг гэхдээ төлбөрөө маш багаар эсвэл огт төлдөггүй 150 гаруй дарга дарганцарууд (Нийслэлийн захирагчийн алба, тамгын газар, өмчийн харилцааны газар, Улаанбаатар сан гэх мэт маш олон газраас) бас байх юм.

УБ бассейн долоо хоногт 5 өдөр ажиллаж үлдсэн 2 нь амралтын өдөр нэртэй. Бассейний амралтын нэг өдөр болох мягмар гаригт эрхэмсэг Ерөнхий сайд бассейнийг эзэгнэнэ. Мэдээж юун төлбөр төлөх... Нөгөө лут үндсэн хуулиараа тунхаглаад байгаа тэгш эрх маань хаачив аа? За больё бүр хадуурлаа.

УБ-ын бассейн ашиглалтанд орсон 1986.12.31-с хойш 6 дахь захирлын нүүр үзэж байгаа бөгөөд захирал солигдох бүрд багш дасгалжуулагчдыг халж, сольж энэ нь тамирчдын амжилтанд муугаар нөлөөлсөн хэвээр байна. Жинхэнэ усны мэргэлжилтэй өөрсдөө сэлдэг байсан Д.Баяраа, Эрдэнэчулууны үед дээрх явдал гараагүй боловч усны талаар анхны ч мэдэгдэхүүнгүй нөгөө 4 захирлын үед усан спортын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр унаж байв.

Сүүлийн 3 жилд захирлаар ажиллаж буй Дөрвөнжин үнэхээр “сайн” ажилласан, одоо ч гялалзсаар байна. Орой бүр бассейн тарах үеэр өөрөө машинаа зүлгээд машин нь ч, өөрөө ч гялалзаад л байна. Би чинь аж ахуйн хүн болохоос усыг огт мэдэхгүй гэдгээ ч нуухгүй. Аж ахуйн ажил гэдэг нь хувийн хөрөнгөө арвижуулахыг нь хэлж байгаа бололтой. Ажлыг үнэхээр л гялалзуулаад хийнэ.

2001 онд Дөрвөнжин дарга болоод л бассейний кафег авгай ба 2 охиндоо, авто машины гараашийг хүүдээ өгч ажиллуулж байгаа. Уг гараашд энэ сонгуулийн үеэр сурталчилгааны 40-өөд самбар хийж гайгүй сайн мөнгө хийсэн сурагтай. Авгай хүүхэд нь бассейнд хэр зэргийн түрээс, цахилгаан, дулааны мөнгө өгдөг юм бол?

Усанд сэлэлтийн анхан шатны курс эхлээд 60, дараа нь 45, тэгээд 30-14-7 хоногоор, одоо бүр байтлаа 1 хоногийн маш идэвхтэй курс гэж бас явагддаг болж. Дэлхийн хаана ч хүнийг 1 хоногийн курсээр усанд сэлж сургана гэж байдаггүй, тийм зарлал ч би үзээгүй юм байна. Яагаад гэвэл үнэхээр 1 хоногийн дотор цаашид амьдралд хэрэг болохоор сэлж сурна гэдэг бол огт боломжгүй зүйл юм. Харин гайгүй сайн багш ганцаарчилж заавал анх сурж байгаа хүнийг 3 цагийн дотор 25м газарт мэлхий сэлэлтээр явах хэмжээний болтол сургаж болдог. Гэхдээ үүнийгээ 7 хоногийн турш давтахгүй бол дороо мартана. Ийм чадвартай багш байдаг ч сурах авъастай нь ховор. Харин манайд 45 хоногийн курст 2 удаа явсан хэрнээ 25м сэлж чадахгүй хүн зөндөө л бий. Ажлын ачаалал их, эдийн засгийн хөшүүрэг муу тул багш нарт ч сонирхол бага.

Нэг “хоногийн идэвхтэй” сургалтанд хичээллэгчид мөнгөө л төлвөл 1 өдөрт хүссэн хугацаагаараа “сэлж” болох бөгөөд багаар бодоход 3-4 өдөр явж байж хөвж л сурвал их юм. Энэ 3-4 өдрийн төлбөр нь 1 сарын курсын төлбөртэй дүйцэх боловч үнэндээ юм сурахгүй. ДӨ захиралын хувьд тэд сурах эсэх нь падгүй, хамгийн гол нь тэд олон цаг усанд байсан тул маш их өлсөж гарч ирээд “авгайнх” нь кафед маш их орлого хийх нь чухал. Мөн курсийн хугацаа багасах тусам хичээллэгчдийн эргэлт хурдсаж бассейнд ирэх хүний тоо ихсэнэ. Мөн хичнээн олон хүн бассейнд ирнэ “авгайнх” нь кафед мөн л төдий чинээ орлого орохыг Дөрвөнжин бас андахгүй. Бассейний орлого сайжирч данс “зузаарна”. Бага мөнгөнөөс идсэнээс их мөнгөнөөс идвэл бараг хэн ч анзаарахгүйг ДӨ сайн мэднэ. Ийм л учраас курсийн хугацааг багасгаж байгаа юм байна. Ай даа ДӨ захирал ч мөн ухаантай даа.

ДӨ захирал ах дүү, хамаатан садан ,танил тал, нутгийн маш олон хүнийг ажилд авч их буян үйлдсэн. Тэд нябо, нярав, нбд, боловсон хүчин, лаборант, слесарь, жижүүр, үйлчлэгч гээд бассейний бүхий л ажлыг гүйцэтгэнэ. Захирал харин өөрөө машинаа барьдаг мөртлөө жолооч гэж өөр хүнийг давхар цалинжуулдаг сурагтай. Тэр “жолооч” уг нь албан ёсоор өөр орон тоон дээр ажилладаг бололтой.

Аж ахуйн няраваар ажиллаж байсан Эрдэнэпил (авгайнх нь дүү) бассейнаас 8 саяыг идээд ажлаас халагдсан. Тэр яг өөрөө идсэн гэхэд тун но-той. Учир нь хотоос ирсэн санхүүгийн шалгалтаар луйвар нь илэрч шүүхэд шилжингүүтээ дор нь 8 саяаа төлөөд л шүүхээр шийтгүүлэлгүй ажлаас халагдсан болоод өнгөрсөн.

Ажилд шинээр орсон жижүүр утасныхаа төлбөрийг асар ихээр хэтрүүлсэн ч халагдаагүй. Энэ нөхөр анх слесарийн ажилд орсон боловч ажлаа хийдэггүй, чаддаггүй учраас жижүүр болсон. Бас л ДӨ-ийн хүн.

ДӨ захирлын энэ мэт зүйлийг нь тоочоод байвал дуусашгүй.

Одоогоор үйл ажиллагаагаа зогсоосон Эрэл ус, Эрч клубын орлогоос тодорхой хэмжээгээр хувьдаа хүртэж байсан хэрнээ байдал эвгүйтээд ирэхээр дээрх клубынхээ гол 2 багшийг мөнгө идсэн хэмээн ажлаас халсан. Мөн УБ бассейнд 2002 оны шинэ жилээр зохиогдсон “Далай Ван” тоглолтод сангийн сайд бөгөөд Холбооны ерөнхийлөгч Ч.Улааны улсын сангаас “гаргасан” 6 сая орчим төгрөгнөөс 2.2 саяыг хувьдаа завшиж амжсан. Яаж гэвэл энэхүү тоглолтод зориулж авсан материалын тоо ба үнийг нэмж бичээд л болоо. Харин 2.2 саяаа ангийн банди Ч.Улаантай хуваалцаа болов уу яагаа бол! Үүнийхээ дараа санхүүгийн шалгалтаас эмээн энэ тухай хамгийн сайн мэдэж байсан багш Баярсайханыг ахлах багшийн орон тооноос зайлуулж цагийн багш нэрээр халжээ.

Мөн бассейний дарга анх болонгуутаа 11 хүнийг (үүнээс 5 нь багш, 2 эмч гм) ажлаас шууд халжээ. Ингээд 11 хүн шүүхээр заргалдаж өчнөөн сар хөөцөлдсөний дүнд СБ дүүргийн шүүх тэднийг үндэслэлгүй халагдсан тул эргүүлэн ажилд нь ав гэж шийдвэр гаргажээ. Халагдсан зарим нэг хүн энэ шийдвэр гарахаас өмнө өөр ажилд орж өргөдөл гомдлоо ч бүрмөсөн орхисон байлаа. Шүүхийн шийд гарсны дараа Дөрвөнжинг огт хөдлөхгүй байхаар нь хохирогсод 2 дахь удаагаа шүүхджээ.

“Энэ удаа шүүхийн шийд яаж ч гарсан би та нарыг ажилд огт авахгүй тул хэн хэндээ ашигтайгаар тохирч эвлэрэлийн гэрээ байгуулъя” гэж Дөрвөнжин санал гаргасны дагуу хохирогсод өргөдөл гомдлоо 2 дахь удаагийн шүүхээс өөрсдөө эргүүлэн авчээ. Ингээд тэднийг ажилд авсан тушаал гарган хэдийгээр илүү хугацаанд ажилгүй байсан ч ердөө 5-6 сарын цалинг нь олгож үүнийхээ дараа өөрсдийн нь “хүсэлтээр” дахин эргүүлэн халжээ.

Гэхдээ тэднийг түр зуур ажилд авах тушаал гаргахын тулд орон тоо шаардлагатай болсон тул зүгээр ажиллаж байсан багш нараа халах тушаал гаргаад цагийн дотор эргүүлэн авсан гэх мэтээр толгой эргэмээр гялалзтал ажилласан, одоо ч ажилласаар байна. Цагийн дотор халагдаад буцаад орсон багш нар энэ тухайгаа гурван жил болж байхад ч мэдээгүй л байх юм.

Ажлаас ор үндэсгүй халсныг нь эсэргүүцэж шүүхэд 2 удаа хандаад ажилдаа орж чадаагүй байсан багш нараасаа өнөөдрийн байдлаар үнэхээр багш дутагдаж байгаа тул 1-2 жил ажилгүй байсан 3 багшийг юу ч болоогүй мэт эргүүлж авчээ. Энэ хугацаанд нь бассейнд ямар хүн юугаа заагаа бол.

Бассейн байгуулагдсан цагаас хойш багш нар доод тал нь 2-3 , зарим нь 5-6 удаа халагдаад эргэж ажилдаа оржээ. Мэргэжлийн, мэргэшсэн цөөн тооны багш нараа тогтмол халж сэлгэсний дүнд УБ-ын тамирчид хамгийн их хохирч 1-3 жилиин турш багштай, багшгүй эсвэл хэдэн өөр багш дамжин бэлтгэл хийж амжилт нь яагаад ч сайжрахгүй байдалд хүрлээ. Зарим тамирчид усаа бүр хаясан. Энэ оны УАШТ-нд Г.Өрнөлтсайхан л байгаагүй бол эрэгтэйчүүдийн бүх медалийг Хангарьд авах байсан.

Одоогоор нийслэлийн захирагчийн албанаас үйл ажиллагаагаа эрс сайжруул, санхүүгийн элдэв будлиан бүү гарга, удирдлаганд байгаа хүмүүсээ “зөв” удирд, хөдөлмөрийн хуулийг бүү зөрч гэх зэрэг шалтгаанаар сануулгатай байгаа боловч 4 жилд ганц тохиолдох сонгуулийн бужигнааныг далимдуулан улам л гялалзсаар. Энэхүү нийтлэлийг бэлдэх үеэр ДӨ дарга Энхрий хайрт намынхаа сурталчилгаанд Сэлэнгэд 17 хоног гялалзтал ажиллаад ирлээ. Хайрт нам нь засгийн эрхэнд байгаа тул үндсэн ажлаасаа албан ёсоор чөлөө ч авах шаардлагагүй нь мэдээж.

8. ИРЭЭДҮЙ ба ТӨГСГӨЛ

Холбооны одоогийн гол зорилго: Ажлын чадвартай шударга удирдлагыг энэ оны ээлжит их хурлаараа сонгох. Үүнийг зөв хийж чадвал доорх төлөвлөгөө биелэх боломжтой.

1. Олимпид Г. Өрнөлтсайханг явуулах

2. Одоогоор манайд бүхий л уралдаан тэмцээний үед тамирчдын цагийг шүүгчид гараар барьдаг бөгөөд энэ нь одоо үед үнэхээр хоцорч байгаа тул яаралтай шаардлагатай байгаа гараа , барианы нэгдсэн автомат цагийг олж авах

3. Олон жил тогтмол суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй багш дасгалжуулагчдыг усан спорт өндөр хөгжсөн оронд (Хятадад, Оросд) явуулж мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах мөн гадаадаас багш дасгалжуулагч урьж авчран суралцах, гадаадад сайн тамирчнаа тогтмол явуулах

4. Цаашид холын зайн сэлэлт, синхрон сэлэлт, цамхгаас үсрэх, усны бөмбөг зэрэг төрлүүдийг ч хөгжүүлэх бэлтгэлийг хангах

5. Үсрэлтийн цамхаггүй, ядаж 3-4 замтай, 1,50 м гүн, 50м урт зөвхөн сэлэх зориулалттай хямд авсаархан битүү бассейнийг барьж Холбоо мэдэлдээ авах

6. Сүүлийн 2 жилд тамирчны амжилтыг дэлхийн рекордтой жишин харьцуулдаг хамгийн тохиромжтой арга болох IPS (International Point Score) аргаар тамирчдын амжилтыг үнэлж байх

7. Бүх спортын дотроос хамгийн эрүүл спорт болох усанд сэлэлтийн спортыг өргөнөөр ухуулан сурталчлах, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавих



Холбооны хяналтын зөвлөлийг хариуцаж байгаагийн хувьд бивээр Улааны “цэргийн” тоонд албан ёсоор орох боловч 2001 оны сонгуулиар Ч.Улааны илт эрс эсэргүүцэж байсныг даван холбооны гишүүдийн л саналаар гарч ирсэн ганц “эсэргүү” нь үүнийг бичигч юм шүү гэдгийг дурьдахад илүүдэхгүй байх. Ер нь ажил төрлийн талаар шударга байр суурь баримталдаг, үг дуугардаг хүнээ хавчин гадуурхах нь ХУ-намын хүний шилдэг сонгомол арга биз.

Одоогоор МУССХ-ны Вэб сайт хийгдэж байгаа бөгөөд уг Вэб сайт-д шаардлагатай Монголын усанд сэлэлтийн түүх, өнөөгийн байдалтай холбоотой баримт материал, санал хүсэлт, гомдол, мэдээлэл, фото зургийг Monswim@chinggis.com хаягаар идэвхитэй ирүүлэхийг усан спортыг хүндэтгэдэг, сонирхдог хүн бүрээс, ахмад тамирчдаас хүсье. 9984-6321 утсаар холбоо барина уу

МУССХолбооны хяналтын зөвлөл, ахмад усчин Г. Арслан
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3920)

No comments:

Post a Comment