ИЛ ТОВЧОО 1999.3-Р САР ¹5-6 (316-317)
БАССЕЙНЫ ЗАХИРАЛ БОЛДБААТАР ХҮҮХНҮҮДЭЭ
Шударга үнэн ялж
Шунахай худал сөнөтүгэй
1. Усан сэлэлт, эрүүл мэнд, эдийн засаг.
Хүний амьдрал нь устай салшгүй холбоотой бөгөөд хүн хоолгүйгээр сар орчим, харин усгүйгээр 7 хоног л амьд байдаг. Усыг тахин шүтдэг ч ард түмэн бий. Усан эмчилгээ, ус ууж залуужих ( Энэтхэг йогийн арга ) усанд цохиулах, усан дундуур гүйх гээд энэ бүгд хүний эрүүл мэндэд ашигтай. Ялангуяа Монгол орон шиг гол мөрөн багатай, хуурай уур амьсгалтай, амьсгалын замын өвчин элбэг газарт ус, усан спорт үнэхээр чухал. Усны мандал дээр агаар хамгийн цэвэр байдаг, мөн усанд сэлэхэд хүний бүхий л булчин, шөрмөс ажилладаг тул эрүүл мэндэд хамгийн ашигтай спорт гэж барууны эрдэмтэд үздэг. Усны тураах болон чийрэгжүүлэх арга нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй байдаг нь батлагдсан. Усанд төрсөн хүүхэд илүү эрүүл чийрэг өсдөг. Барууны буюу нийгмийн хамгаалал өндөр хөгжсөн орнуудад өндөр настан, хараагүй, тахир дутуу, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдийг төрийн оролцоотойгоор бассейнд сэлүүлж сургах, чийрэгжүүлэх, тогтмол хичээллүүлснээр \ долоо хоногт 1-2 удаа 45 минутаар \ ард түмний нь эрүүл мэнд сайжирч дундаж наслалт ихэсч эрүүл мэндийн салбарт үргүй зардал, эмчилгээ багасдаг байна. Барууны ихэнх орны ерөнхий боловсролын сургуулийн програмд усанд сэлэлтийн хичээл тусгагдсан байдаг. Харин монголчууд бид усанд сэлж сураагүйгээсээ болж жилдээ л улсын хэмжээгээр усанд 60-70 хүн осолдож, мөн асар их хэмжээний эд материалын хохирол учирч байна. Гадаадад сурч буй оюутнаас живж нас барсан нь цөөнгүй. Улсын иргэний хамгаалалтын газрын харъяа 20-иод хүнтэй усны аюулаас авран хамгаалах салаа байдаг боловч төсөв мөнгөний гачааллаас болж олигтой, шаардлагын хэмжээнд хүртэл бэлтгэгдэж чадаагүй байна.
2. Усан спортын түүхээс.
Монголчуудын их байлдан дагууллын үед бидний өвөг дээдэс гүзээ хийлж бүслээд морьныхоо сүүлнээс барин их мөрнийг гаталж байжээ. Хубилай хааны үед усан флоттой болж Япон тэнгисийг ч гатлаж байсан. Энэ зууны эхнээс олимпийн төрөлд усан спорт орж өнөөг хүртэл амжилттай хөгжиж байна. Олимпийн аварга Жонни Вайсмюллер "Тарзан " кинонд тоглон алдаршиж байлаа. Ла Маншийн хоолойг анх сэлж гаталсан хүн Гиннессийн номд нэрээ үлдээжээ. Эдүгээ олимпийн, дэлхийн аваргын төрөлд 25, 50, 100, 200, 400, 800, 1500 м-ийн зайд усанд сэлэлтийн дөрвөн төрөл \ чөлөөлт сэлэлт буюу өврөөр даллах, далайн гахай сэлэлт буюу дельфин, мэлхий сэлэлт буюу брасс, араар даллах сэлэлт \, мөн энэ бүгдэд холимог буухиа, 3, 5, 7, 10 м-ийн өндөр тавцангаас үсрэх, усны бөмбөг, гүний шумбалт, усан доогуурх сэлэлт, триатлон \ 1,5 км сэлж, 180 км дугуйгаар яваад, 42,195 км гүйх \уран сайхны сэлэлт гэх мэт маш олон төрөл хамаарагддаг болжээ. Дэлхийн усан спорт сонирхогчдын холбооноос жил бүр 25-29, 30-34, 95-98, 100-104 настнуудын дунд зай бүрт дэлхийн рекордыг нь тэмдэг лэдэг байна. Манай өнөөдрийн насанд хүрэгчдийн 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн рекордыг дэлхийн рекордтой харьцуулахад 50-55 насныхтай нь дүйцэж байна. 100-104 насны 50 м-ийн рекорд нь 2,05.49 минут байна. Гэтэл манайд 50 байтугай 25 метр ч сэлж чадахгүй хичнээн залуус байгаа бол. Монгол улсад анх 1967 онд Зүүнбаянгийн задгай бассейнд улсын аварга шалгаруулах тэмцээн болсноос хойш 1996 он хүртэл үргэлжилж сүүлийн 3 жилд тасарлаа. Анхны тэмцээнд Увсаас 50 настай Зана, Хэнтийгээс 40 насны Базаргүр, Сэлэнгээс Эдэнэдалай, Хотын Юра, Ш.Зориг \ Цанын \ нар оролцож байлаа. Анхны аваргаар эрэгтэйчүүдээс Довдонгийн Баяраа \ Хөдөлмөрийн \ хоёр алтан медаль, эмэгтэйчүүдээс Нямсүрэн нэг алтан медаль авснаас хойш монголын тамирчдын амжилт жил бүр өссөөр ирсэн юм. Улсын аваргаас эрэгтэйчүүдээс Андрей \ Алдар\ 9 алтан медаль, Д.Баяраа 5 алтан медаль, эмэгтэйчүүдээс Л.Амраа, Алтантуяа \ Алдар\ нар тус бүр дөрвөн алтан медаль авсан нь одоог хүртэл рекорд хэвээр үлджээ. 1998 онд Австралийн Перт хотноо болсон дэлхийн усны аварга шалгаруулах тэмцээнд монгол хүн Наранбат анх удаа оролцжээ. 1996 оны Москвагийн хүүхдийн олимпд, мөн оны Шанхайд болсон Зүүн Азийн тоглолт 1997 оны Бангкокын Азийн тоглолт зэрэгт манай тамирчид оролцсон билээ. Одоогоор Монгол улсад Эрдэнэт, УБ хотод 25 метрийн 2 бассейн байгаа ба Шар-Хаданд байсан орос цэргийн ангийн бассейн хувьд шилжин одоо өөр зориулалтаар ашиглагдаж байна.
10-р хорооллын спорт комплекст байдаг 50, 25 метрийн бассейн 2000 онд ашиглалтанд орох төлөвтөй байна. 1986.12.31-нд Зөвлөлт ах нар бассейныг ашиглалтанд оруулсан бөгөөд бэлгийн морины шүдийг хардаггүй шиг сан техникийн хоолойг энгийн трубагаар хийгдсэнийг манайх мэдсэнгүй. Хлортой усанд зориулж тусгай бүрхүүлтэй ган төмөр труба байх ёстой боловч бэлэг авч байгаа хүн голох ёсгүй. Барилга нь гайгүй баригдсан боловч техникийн хувьд оросд ч хоцрогдсон техниктэй байлаа. Ялангуяа салхивч, дээвэр, труба зэрэг нь тун чанар муутай байжээ. Бассейн нь анх МХЗЭ-ийн Төв Хорооны мэдэлд байснаа ЗСХороо, Хөдөлмөрийн яамаар дамжсаар одоо ЭМНХЯ-ны мэдэлд байна. Усан спортыг сайн мэдэхгүй, уснаас айдаг монголчуудын хувьд бассейн нь шоовдор хүүхэд мэт олон эцгийн гар дамжсаар одоо бараг эзэнгүйдэж аргатай зальтай сүйхээтэй хүний хувийн бизнес хийдэг хэрэгсэл болжээ. 1996 оны өвөл бассейн хажууд байдаг 25-р сургуулийн дэргэдэх усны хаалтыг траншейны хүүхдүүд эвдэн хөлдөөж улмаар түүнийг засахын тулд ЗС-ын төв, Чингэс зочид буудал, ХБДС, НҮБ-ийн байр, бассейны ойролцоох хотын хэсгийн халуун усыг өвлийн хүйтэнд 2-3 хоног хааж байж уг хаалтыг солих байсан тул дулааны улирлыг хүлээхээс өөр аргагүй болжээ. \Зун болтол тэр хэдэн зэвэрсэн труба нь хага хөлджээ. Захирал Д.Баяраа ЗСТ-ийн захирал Ганзоригт нар дээр доогуур гүйж байж 56 сая төгрөгөөр засвар хийх төсөв батлуулан авч Сангийн яам, банкнаас 30-аад саяын зээл авч Дарханбат ХХК, Пирамид ХХК буюу хэдэн жижиг компани мөн өөрсдийн ажилчдын хүчээр гол засварыг гүйцэтгэж бассейн ашиглалтанд эргэн орохын даваан дээр бүтцийн өөрчлөлт болон бас бус шалтгаанаар Баярааг халж эхлээд Ганцагаан дараа нь Болдбаатар захирал болжээ. Уг нь Д.Баяраа захирлын үед \ 1986.4-сараас, 1997.2-р сар \ сонирхогчид нь бассейндаа багтахгүй оволзож, долоо хоногтоо 6 өдөрт 7-22 цагийн хооронд хоёр орос мэргэжилтэн, 8-9 монгол багшийн хамт сэтгэл нийлсэн хамт олонтой ажлаа явуулж байсан нь усан спортын сэргэн мандалтын үе байв. Энэ үед бүртгүүлэхийн тулд хүүхдүүд гадаа хаалгаар багтахгүй дайран орж гадна хаалга, цонх, бүртгэл хийж байсан 2-3 ширээг нь дайран нурааж байлаа. Жилдээ 5-6 удаа усан спортын элдэв тэмцээн зохиогдож , зурагт радиогоор ч нэвтрүүлэг гарч байв.
3. Одоогийн байдал хийгээд " Хуулийн зөвлөх "
Харин энэхүү сайхан үе Ганцагаанаар дамжин одоо Болдбаатарын гарт 7 сарын дотор бүрмөсөн дууслаа. Баяраагаас хойш усан спортыг монгол оронд чин сэтгэлээсээ хөгжүүлье, иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн спортыг өөд татах гэсэн сэтгэлтэй төрийн албан хаагч төрсөнгүй. Одоо усан спорт эзэнгүйджээ. Усан спортын талаар хотын БТХ, Улсын БТХороо, Үндэсний олимпийн хороо, Усан спорт сонирхогчдын холбоо, ЭМНХЯ-ны залуучууд гэр бүл эмэгтэйчүүдийн газруудын аль нь ч дорвитой зүйл хийсэнгүй. Хийе ч гэсэн тэдгээр байгууллагуудад усны мэргэжлийн нэг ч хүн алга. Монголд буй усан спортын дээд мэргэжилтэй 16 хүний 13 нь устай огт хамаагүй ажилд зүтгэсээр явна. Үлдсэн 3 нь бассейнаас халагдахын ирмэг дээр байна. Баяраагийн үед нэг зам дээр \ бассейн 6 замтай \ 10 гаруй хүн бараг багтахгүй ордог байсан бол Болдбаатарын үед заримдаа бассейн ч хоосон байх нь элбэг боллоо. Улсын аваргын тэмцээн хамгийн сүүлд хэзээ болсоныг мартах нь. Д.Баяраагийн 12 жил даргалсан үед бассейн шиг бассейн байсан бол Болдбаатар захирал байх 7 сарын дотор ажилчдыг өөрийн мөн авгайн үзэмжээр дураар халж солин, зармыг нь халсан өдрөө эргүүлэн авч \ Багш Баярсайхан \ байв. Өөрийн авгай, авгайн дүү, авгайн эгч, хамаатан садандаа бассейны өрөөнүүдийг эзэмших эрх өгч, өөртөө хэрэгтэй хүнийг оруулдаг зочны өрөө хүртэл байгуулж, өөртөө хувьдаа мөнгө олдог байгууллага болгон өөрчилжээ.
Тухайлбал кафег авгайн эгчид, саун, билльярд, хувцас солих өрөөг \ бялдаржуулах танхим нэртэйгээр \ авгайдаа, эмчийн 2 өрөөг авгайн дүүд гэх мэт. Улмаар хүүхдийн бассейн хэвийн ажиллах боломжгүй болж одоо ашиглагдахгүй байна. Душ, хувцас солих өрөөг нь авгайнхаа Жаргалан клубт өгсөн тул хүүхдийн бассейн ажиллах боломжгүй болж одоо хоосон байна. Урьд нь Баяраа захирал энгийн тавилагтай 4 м хүрэхгүй жижиг өрөөнд суудаг байсан бол Болдбаатар 10-аад багш нараасаа халсаар 3-ыг нь үлдээж одоо багш нарын өрөөнд \ Баяраагийн өрөөнөөс 6 дахин том \ ямар ч сайд атаарахмаар гаднаа нарийн бичгийн дарга хүүхэнтэй, шинээр авсан компютартай сууж байна. 26-хан хүнтэй төсвийн шахуу жижиг албан газарт нарийн бичгийн дарга, компютор болон өрөөний тавилга нь үнэхээр ахаджээ. Хувийн хөрөнгө байсан бол яахав. Нарийн бичгийн дарга байсан хүүхнүүд нь : Үнэндээ албаны ажил бараг байхгүй. Өдөртөө их л сайндаа 2 хуудас тушаал \ халах, авах \ гаргадаг гэж ярьж байна. Монгол улсад усан спортоор дээд мэргэжил эзэмшсэн 16 хүн \ 5 нь Орост 11 нь Монголд \ байдгаас одоо дотоододоо төгссөн 3 нь л бассейнд ажиллаж байна. Баяраа захирал өөрөө хөөцөлдөж гүйж байж ЗХУ-д 3 шавиа дээд сургуульд явуулан мөн УБДС-ийн дэргэд усны анги нээлгүүлэн тэнд 11 хүүхдийг \ бүгд шавь нар нь \ оруулан төгсгөсөн юм.
Бассейны байдал яах аргагүй хүндэрч ус, цахилгаан, дулааны зардал ихэссэнтэй хобогдож улирлын үнээ нэмлээ. Баяраа анх нийтийн халуун усны жишигээр том хүнийг 2 таг, хүүхдийг 1төг 50мөнгөөр бассейнд оруулъя гээд " чи нийтийн биеийн тамирыг ашиг олох байгууллага болгох гээ юу " гэж дарга нартаа загнуулж байлаа. Одоо усанд 24 удаа ороход том хүн 36.000 төг, хүүхэд 24.000төг төлөх боллоо. Одоо бассейн 7 хоногт 5 өдөрт 9-18 цагийн хооронд ажилладаг бөгөөд үүнээс хагас, бүтэн сайн өдөр бэлэн мөнгөөр ордог бөгөөд үүнд билетийн хяналт гээч юм огт байхгүй. Хагас бүтэн сайны орлого \ 2 өдрийн дотор 250.000-300.000 төг орчим \ биллярд, саун, кафе, спорт заалны, эмчийн өрөөний \ Цогт-тех-ХХК \, хүүхдийн бассейны хувцасны өрөөний, спорт заалны түрээсийн мөнгө хэд байдаг, хаашаа хэний халаасанд орж байгааг Болдбаатар түүний авгайгаас өөр хэн ч үл мэднэ. Ня-бо Дашдолгор ч \ хэдийгээр тэр Болдбаатарын талын хүн боловч \ мэдэхгүй, мэдэх ч эрхгүй. Болдбаатар өөрийн авгай Баярцэцгийг \ монгол хэлний багш мэргэжилтэй \ ажилчиддаа манай албан бус " хуулийн зөвлөх " гэж анх танилцуулсан бөгөөд тэр нь Болдбаатар, Дашдолгорын, ажилчдын ажлыг үргэлж шалган үүрэг заавар өгч загнаж байдаг. Усанд сэлэх сурагчдын 24 цагийг \ 45 минутаар 24 удаа \ 7 болгоё тэгвэл олон хүн орох болно гэж Болдбаатарыг хэлэхэд " 7цагийн дотор олигтой сэлж сурч чадахгүй " гэж багш нар хариулахад чадахгүй бол хохь нь гэж Болдбаатар хэлж байжээ. Дуртай цагтаа ажилчдаа цалингийн 20-30 хувиар торгож бууруулна, өөрийг нь авгайд нь тал засдаггүй ажилчдыг дор нь халж өөр хүн авна.
4. Бүх биеийн иллэг буюу хормойн дон.
Шинэ захирал Болдбаатар гэгч хэн бэ ? Өөрийн нь танилцуулсанаар 1955 онд төрсөн, соёлын тэргүүний ажилтан, циркийн акробатч, дөрвөн сургууль төгссөн гээд ер нь чухал гэж үзсэн хүндээ үзүүлдэг европийн хэдэн орноор циркийн шугамаар аялсан зураг, залуу лидер клубын уулзалт дээр Гончигдоржтой авахуулсан зураг \ Урилгагүй мөртлөө аргалаад орсон \ мөн хөлдүүс болоод нурах шахсан бассейныг аварсан хийгээд түүнээс гарсан 20 см орчим зэвэрсэн трубаг үзүүлж рекламдана. Циркийн сургууль, УБДС-ийн тамирын анги, Удирдлагын хөгжлийн институтын 3 сарын курс \ сертификаттай \ ерөнхий боловсролын сургууль дөрөв болов уу ? \ зох \
Болдбаатар нь амны пянгаар бассейны " банкны " Цолмонгоос дутахгүй, удирдах дээд албан тушаалтанд тун эвлэгхэн, найртай " ухаантай " тал засч хандана, удирдлаганд байгаа хүмүүстээ бол яг л хуучны МАХнамын хороон дарга, хүүхнүүдэд бол хормой....бишээ өвөр султай. Болдбаатар нь мөн намайг циркийн дарга бол гэж урьд гуйж, одоо ч гуйсаар байсныг ярина, дээгүүр маш олон том сайд дарга найзтайгаа бахархана. Яриа эвгүй тийшээ хандвал \ Эцэг Завханых \ Очирбат, Багабанди, Отгонбилэг бас Завханых билүү. зох \ Эмээ Хөвсгөлийн Дархадын 3 үе дамжсан лут бөө удамтай гэж ярина. Хэрэв улсаа, усаа бодохгүй өөрийгөө бодвол хүү охиныхоо дансанд байгаа мөнгөөр жип машин, гар утас ч авч чадна гэж баярхана. Бассейны энэ дарганцарын өрөөний тохижилтонд сайд нар ч атаархмаар бөгөөд зузаан сейф, арьсан сандлууд, лут ширээ сандал, плас, 2 утас \ нэг нь зөөдөг \ салхин сэнс, ширээн дээр нь овоолсон гадаадын олон ном сэтгүүл \ гадаад хэлгүй мөртлөө \ давхар хаалга, том шкаф, сервант ширээний нь ард бэлэн архи бүгд бий. Уг нь бассейн бол дунд зэргийн байгуллага ч биш. Хамгийн жижиг бяцхан төсвийн байгууллага юм. Төсвийнхөө тодорхой хувийг орлогоосоо, түрээсээсээ олох ёстой. Түүнийг өнгөцхөн харахад хар костюм, цагаан цамц, зангиа, гялалзтал арчсан хар гутал өмссөн яриандаа хөдөлмөрийн хуулийн хэдэн үг хавчуулж тун давгүй хөөрхөн зарчимч маягаар лут ярина. Харин бодит байдалд тэс өөр. Дарга болоод 4 сарын дотор нарийн бичгийн даргын орон тоо гаргаад Радио, ТВ-д зарлал өгч өөрөө нарийн бичгийн даргаа сонгож авчээ.
Нарийн бичгийн дарга нар нь бүгд 17-30 хоногийн дотор халагдсан буюу өөрийн саналаар ажлаас гарсан. Нэг өргөдөлд : Смайл үсчинд суугаад гарч ирэхэд хойноос дагаж нилээн явж байгаад араас дуудаад чи ажилд орох уу гэж хэлсэн. Намайг гайхаад эргэхэд утасны дугаараа өгсөн. Нэг хоногийн дараа намайг ярихад ирж уулз гэсэн. Уулзаад 5 минутын дараа ажилдаа ор гэсэн. Над 2 ажил хавсруулж \нэг нь юу юм бол ? зох\ 60 мянгыг өгье гэсэн гэжээ. Өөр нэг өргөдөлд : ямар ч хүн орж ирсэн өөрийн гэргий Батцэцэгтэй уулзуулж, эхнэр нь шийдвэр гаргадаг байсан. Надад эхнэрийгээ манай зөвлөх гэж танилцуулсан. Ажилчид ирж ажлаа танилцуулж саналаа хэлэхэд ойлголоо гэж хэлээд гарсны нь дараа эхнэртэйгээ ярьж танилцуулж, зөвшөөрөл авдаг байсан. Намайг сар орчим ажиллахад эхнэр нь үдээс хойш 3 цагт ирж бүх ажилчдын ажлыг шалгаж, мөн Болдбаатарын юу хийснийг бүртгэж, юу хийх ёстойг хэлж, намайг явсны дараа миний бүх бичиг баримтыг шалгаж, уудлаад хэдэн ширхэг цаас хэрэглэсэн юу хийсэн зэргийг шалгаж, шүүгээ онгичоод, маргааш нь юу хийхийг томоос том цаасан дээр бичиж орхидог, баасан гариг бүр гэр бүлээрээ бассейнд орж, яг гэртээ байгаа юм шиг өрөөг нь эзэмшдэг.Заримдаа над айлын гэрт байгаа юм шиг санагддаг байлаа.
\ Тэр үед Болдбаатар нарийн бичгийн даргатайгаа нэг өрөөнд байв \. Ажилд орсноос хойш 7 хоногийн дараа Болдбаатар : Хоёул хоолонд оръё гэхэд нь ажил ихтэй тул татгалзсан. Ингээд элдэв янзаар оролдож эхлэхэд нь авгайд чинь хэлнэ шүү гэхэд гайгүй байж байгаад 7 хоногийн дараа халсан, халсныхаа дараа хоёул нэг газар сууя гэж татаж чангаасан. Болдбаатарт гомдолтой байна гэсэн бол 17 хоног ажилласан өөр нэг нарийн бичгийн даргын өргөдөлд : 19 цагт ажил тардаг боловч нэг чухал ажил байна. Байж бай гэсээр 21 цаг болохоор чи одоо нөхрийнхөө ажил руу утасдаад хэзээ гэртээ харихыг нь асуу. Тэгээд цаг зав гарвал бааранд оръё, хоолонд оръё, манай найз урьсан хамт явъя, над хань болж бильярд тоглож хамт сууя гэдэг байсан. Мөн өөрийн чармай нүцгэн зургийг үзүүлж байсан, бэлгэвчний загвар гэж эр бэлэг эрхтний зураг үзүүлсэн, шөнө 23 цаг өнгөрснөөс хойш манай гэрт согтуу утасдаж ажил дээрээ ганцаараа ир. Усны холбооны тэргүүн Мянганбаяр чамтай танилцъя гэж байна. Мөн солонгосчууд маргааш ирнэ бэлтгэл хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би очоогүй. Маргааш нь Мянганбаяр \ солонгосчууд ирээгүй \ ирсэн боловч надтай ажил хэргийн чанартай зүйл огт яриагүй. Авгайгаа орж гарахын хооронд дандаа оролддог. Хурлын протоколыг өөрчлөн өөрийн талаар гаргасан гомдол саналыг хасуулж байсан. Бассейны талаархи санал асуулгын дүнг өөрт ашигтайгаар өөрчилж байсан. Намайг нэг багштай холбон нөхөрт чинь хэлнэ гэж удаа дараа сүрдүүлсэн, нөхрийгөө эзгүйчлэхийг шаардсан.
Ажилчдын хурал дээр намайг " орой болохоор гэтээ харихгүй миний үүдийг сахиад байдаг гэж гүтгэсэн. Их хуцвал хохь чинь шүү. Би бассейны эзэн бассейны босгоор чамд алхах эрх байхгүй гээд намайг хөөсөн. Энэ бүх байдлаас болж нөхөр бид хоёрын хооронд үл ойлгох, үл итгэлцэх байдал бий болж улмаар одоо тусдаа амьдарч байна. Би гомдолтой байна" гэжээ. Өөр ажилчны өргөдөлд : Болдбаатар орой үдшийн цагаар гэрт утасдан хамт нэг газар сууя, цаг гаргачих гэх мэтээр намайг доромжилж, гэр бүлийг үймүүлсэн, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байна. Энэ үедээ халамцуу байдаг байсан. Ажил дээрээ " хоолонд хамт оръё, чи завтай юу ? нэг буудалд очиж хоноё, хамт сууя " мөн бүх биеийн массаж хийж өг гэж шаарддаг байсан. Найз эмч бүсгүйтэйгээ хамт байхдаа хийе гэтэл хоёулахнаа байхдаа л хийлгэнэ гэж байсан. Мөн Болдбаатар нь найз нартайгаа архидахдаа : Мини юбка өмсөөд ирнэ шүү гэж доромжилдог. Ажил дээр хүчээр заамдаж байж уруул дээр үнссэн, толгой өвдөөд байна барьж өг гээд толгойг барьтал хүчиндэх гэж дайрсан " гэжээ Өөр нэг өргөдөлд " Намайг өрөөндөө дуудаад хүчээр үнссэн. Би онгон гэж хэлэхэд түүнийг чинь эргүүлж нөхөөд оёулчихаж болнр шүү дээ гэж байсан " гэжээ. Өөр нэг өргөдөлд : " Өрөөний үүд байнга чагнаж, гэрт орж ирэх би чамайг ажилд авсан. Элдэв санал өргөх бичигт гарын үсэгээ зурж болохгүй шүү. Түүнд тэгж хэл үүнд ингэж хэл гэж заадаг байсан. Над бохь зажлуулаад дараа нь хүчээр үнссэн. Миний ой гутаж огисон. Хоёул манай солонгос найзын буудалд хоноё гэхэд нь татгалзсан. Мний нөхөр болох гэж байсан залууг ийм тийм өвчтөй, завхай хүн гэж хэлж байсан. Би гомдолтой байна." гэжээ.
Өөр нэг өргөдөлд " Болдбаатар нь өөрийн эхнэр, хүү, хүүгийн найз нь найз охидын бүхий л ажил хэргийг, бичиг баримтыг хичээлийнх нь рефератийг, ня-бо Дашдолгор нь ажлаа Болдбаатартай бус эхнэртэй нь ярьж зөвлөдөг, албан бичгэнд өөр он сар дугаар тавьдаг, хурлын протоколыг өөрчилж засдаг, 24 хүнээс 8 нь хөдөлмөрийн гэрээтэй байсан, хөдөлмөрийн гэрээ хийх дургүй, ажилчдаа боол мэт үздэг, намайг ажилд авахад, мөн халагдахад тушаал гаргаагүй, намайг түр ажилласан гэж ажилчдад танилцуулсан байсан, ширээн дээр 30.000 төгрөг тавиад одоо гомдолгүй биз гэсэн. Би гомдолтой байна." гэжээ. Энэ мэтчилэн зүйлийг бассейнд ажилладаг бараг бүх эмэгтэйчүүдээс сонсож болно. Болдбаатар нь ажилчдын эрх ашгийг огтхон ч боддоггүй бөгөөд бассейнд 10 гаруй жил ажилсан тэтгэвэрт гарахад нэг жил дутуу хүнийг ямар ч шалтгаангүйгээр халж өөрийн хүнийг авсан байна. Мөн 1997.6-р сард тэтгэвэрт гарсан нч-бо-г эргүүлэн авчээ. Хөдөлмөрийн гэрээ хийлгүй ажилд авах, гэрээг нь сунгалгүй байсаар халах нь ердийн үзэгдэл. Бүргэд ТВ-ээр ярьсан дотуур өмд "түрээсэлдэг" үйлчлэгч нар нь одоо ч ажлаа хийж байгаа бөгөөд зөвхөн өөрсдөөс нь ямарваа нэг хэлбэрээр эсэргүүцсэн хүмүүсийг л халж байна. Дарга байх 7 сарын хугацаанд ажилчдынхаа 70-80 хувийг халж сольжээ.
Өөр нэг өргөдөлд : " Би бассейнд нэг өрөөг түрээслэн эзэмшиж хүүхдийг 500 төгрөгөөр үздэг байсан. Анх залуучуудын ордонтой нэг жилийн гэрээ байгуулж \ тэр үед бассейн Залуучуудын ордны харъяа байв \ ажиллаж байв. 8 сар орчим хагас дутуу ажиллаад 9 дэх сард нь хөөгдөсөн. Надад үзүүлэнэ гэсэн хүүхэд ирэхэд жижүүр нь Болдбаатарын заавраар намайг байхгүй гэж хэлээд оруулдаггүй байсан. Эмчилгээ хийж байхад Болдбаатар орж ирээд миний ажилд их садаа болдог байсан. Мөн намайг хүчээр усанд хийх гэж даргынхаа дэргэд оролдож байсан... Хүннү компанийн ажилчдыг хөнгөлттөй үнээр оруулдаг байсан боловч бүгд үнэмлэхгүй байсан \ бодвоос мөнгө нь Болдбаатарын халаасанд орсон юм болов уу ? зох \ гомдолтой байна" гэжээ. Болдбаатар нь одоогоор 25 орчим насны үйлчлэгч бүсгүйг халж өөрийн хамаатан 60 орчим насны хүнийг авах гэж байгаа аж. Зангад, Төмөрбаатар, Хээшиг, Бямбаа, Тэрбиш зэрэг төрийн ажилтнууд бүгд миний найз намайг хамгаална гэдэг бөгөөд тэднээс заримыг нь ялангуяа Бямбааг саунд үнэгүй оруулж, үнэгүй биллярд тоглуулна. Зочны өрөөг шинээр бий болгож түүндээ Бямбаагаа оруулж арихдуулна. Хотын захиргааны хэлтсийн даргаас дээших тушаалтнуудаас бассейндаа болон саун, биллярд, баар , зочны өрөөндөө оруулж дайлна. Эрхэм гишүүн Сайханбилэгийн авгай, мөн өөрийн салсан авгайн хүүг \ 26-тай том залуу\ үнэмлэхгүйгээр \ мөнгө төлөөгүй гэсэн үг. зох \ бассейнд оруулна. Гадаадын иргэдтэй өөрөө тохирч мөнгийг \ 50-100 доллар \ авч дуртай өдөр цагт нь оруулна. Хүү охин хоёр нь найзуудтайгаа чөлөөтөй орно. Хүү нь нэг удаа ангийнхаа 5 хүүхдийг үнэгүй дагуулж орсон. \ Хагас бүтэн сайнд том хүн нэг удаа 1500, хүүхэд 1000 төг байдаг. \
Усны төлөө Болдбаатар юу ч хийгээгүй байж Бангкок, Тайланд, Азийн тоглолтонд явж амжжээ. Газар Холдинг компанийн Мянганбаярын урд хойно орж их гүйнэ. Цаадах нь бассейнд хөрөнгө оруулсан \ бассейн ажилтнуудын ярьснаар зох \ нэрийдлээр татвараас зайлсхийх гэсэн юм болов уу ? Усны холбооны тамга тэмдэгийг авчихаад жинхэнэ холбооны гишүүдэд нь өгөхгүй байсаар байна. Бассейн анх нээгдэхэд хоёр эмчтэй, 2-р давхарт үзлэгийн болон аппараттай 2 өрөөтэй, яг усан сангийн хажууд үзлэгийн нэг өрөөтөй байсан боловч Болдбаатарын үед нэг эмчтэй түүнийгээ усан сангийн хажуудах цонх агааржуулалтгүй өрөөнд оруулж 2-р давхарын 2 өрөөг нь авгайн дүүгийн Цогт-тех компанид өгөн тэр нь одоо хагас агуулах, хагс контор маягтай байна. Болдбаатарын ярьж буй саун, биллярдын өрөөнд нь оройн цагаар нууцаар архи зардаг бөгөөд тэнд нь архидсан хүмүүс шалаар бөөлжсөн байх нь ховор бус. 1999.2.11-2.24-ны хооронд огт эмчгүй байж байгаад зурагтаар гарсаныхаа дараа Бангкокт танилцсан Тэрбишийнхээ явуулсан УВЧ аппарат, Валериан эм хоёроо мэдэхгүй эмчийг авчээ. хуучин эмчээ өөртөйгөө заргалдсан гэж элдвээр шалтаглан халжээ. Финлянд стилийн сауны орлогыг авгай мэднэ. Авангард стилийн кофе-д нь ажилчид хөнгөлттэй үнээр хоол идэх боломжгүй \ Баяраагийн үед энгийн стильтэнд нь болж байсан. Зочны өрөө нь ямар стильтэйг мөхөс сэтгүүлч би мартчихаж. Уг нь Болдбаатар над бүгдийг нь ийм тийм стильтэй, жишээ нь биллярд нь снукер стильтэй г.м ярьж тайлбарласан юм. Харин өөрөө Болдбаатар хахууль, долигнох, айлгах, бялдуучлах, идэж завших, хормойн донгийн стильтэй юм болов уу гэж " стиль " -ийн тухай өргөн мэдлэггүй би вээр бодлоо.
Сая цагаан сараар өөртэй талтай хэдэн ахмадаа урьж архидуулж бэлэг сэлт өгсөн мөртөө бассейны анхны захирал Баяраад дуулгаагүй орхижээ. Сэтгүүлч намайг энэ тухай асуусаны маргааш нь өөрөө хэдэн боов барьж гэрт нь очсон гэнээ .
Багш нарын баяраар болсон нэгэн хачирхалтай зүйл гэвэл Болдбаатарын ажилд авсан түүний талын Дамбын хамаатан болох урьд нь бассейнд ажиллаж байсан залуу нэг шил архи багш ажилчидад өгсөнийг нь тавуул хувааж уучихаад гэр гэртээ харьжээ. Архиа ууж байх үед нь Болдбаатар : СБ дүүргийн сэргийлэхэд өөрөө утасдаж " гудамжинд хүний малгай дээрэмсэн хүн манай бассейны нэг өрөөнд зугтан ороод нуугдчихлаа " гэсэн худал мэдээлэл өгч ирсэн цагдаад нөгөө тавын ууж байсан өрөөг заан өгч үүдийг нь эвдэн ороход ямарч хулгайч байсангүй. Угийн байгаагүй хулгайч мэдээж яаж тэр өрөөнд байх вэ. Ийм сүүдтэй юм болно гэж мэдээгүй нөгөө таван ажилчин архины шилээ орихсон нь гай болж маргааш цагдаагийн хошууч ирж байцааж, дараа нь Болдбаатар ажлын байранв арихдсан нэрээр өөрт нь тал засдаггүй хоёр хүнээ нэг дэмжигчтэй нь хамт халжээ. Харин өөрөө болохоор өрөөндөө үргэлж бэлэн арихтай байдаг. Хүүхэнтэй үед үүдний өрөөнийхөө хаалгыг нь түгжиж аваад арихддаг. Дарганцарын өрөөний үүдэнд дахин нэг өрөө, түүний нтгадна нарийн бичгийн дарга нь суудаг. Шөнийн 12-1-ийн үед хүүхнээ гаргах гэж үүдэнд байсан жижүүр, слесарийг ийш тийш нь явуулж байгаад гаргадгийг ажилчид нь хэлж байна. 1999.2.12-нд Болдбаатарыг эсэргүүцэж тулган шаардах бичгийг нийт 25 хүний 13 хүний гарын үсэгтэй өгсөн бөгөөд энэ явдлаас хойш үнэхээр хачин, жүжиг маягийн зүйлийг Болдбаатарын зүгээс өнөөдрийг хүртэл явуулж ирлээ.
5. 10 сая доллар хийгээд энэ тэр эвгүй зүйл
тохиолдвол хамаагүй биз.
Үүнийг бичигч би вээр зөвхөн сэтгүүлч бус усан спортод элэгтэйн хувьд дээрх асуудалд ажилчдын талд байснаа нуух юун. Анх Болдбаатартай энэ талаар ярилцахад нөгөө л Завхан нутгаа, 3 үе дамжсан бөө мэтээ яриад маргааш нь утсаар ярьж УБ зочид буудал, Баянгол зачид буудалд намайг урьж ярих зүйл байна гэсэн авч би зөвшөөрөөгүй. Гол нь сонин дээр элдэв зүйл битгий бичээч гэдгийг л над ойлгуулах гэж ярьлаа. Мөн хэд хоногийн дараа надад " миний нэг найз Швейцарийн банкны эзний хүү юм. Би удахгүй 10 сая доллар тун бага хүүтэй авна. Чи \ заримдаа та, найзаа, өвгөөн \ түүнээс хүүгүй зээлж болно " гэх зэргээр ярьж, заримдаа чамд энд тэнд эвгүй зүйл тохиолдвол, машинд чинь элдэв зүйл тохиолдвол хамаагүй биз гэх мэтээр заналхийлэв. Түүний гуйлт, гар хүндрүүлэх оролдлого, заналхийлэл нь өдөртөө 2-3 өөрчлөгдөж байлаа. Анх бассейны захирал болоод бассейны үүдэнд шүд нь доошоо харсан хөрөөний дүрс зурж тавьсныг ажилчид нь хуулж хаясныг бодвол " шаггүй " бөө удамтай бололтой. Мөн миний яриаг нууц микрофонд бичиж өө сэв олох гэж ч оролдов. Мөн амар заяа үзүүлэхгүй утасдаж салж өгдөггүй байлаа. Цөөхөн жишээ дурдахад : 1999.2.12-нд өрөөнийхөө утаснаас миний гар утсан залгуулан 14 мин, 1999.2.20-нд мөн 45 мин, 1999.2.20-нд 5удаа залгуулахад нь, 1999.2.24-нд 23 цаг 30 минутын үед 27,13 минут, 8,32 минут ярихад нь би тус тус тасалсан юм. Зөвхөн энэ хэдэн ярианы үнэ гэхэд л 7210 төгрөг болж байна. \ Бусад яриаг нь би санахгүй байна \ Бассейны 325-569 дугаартай утасны тооцоон дээр бүгд бэлхэн харагдана. Болдбаатарын заналхийлэл ба хээль хахууль хоёрын завсарт мөн ч олон төрлийн юм надад санал болгох юмуу эсвэл үүнийгээ ойлгуулах гэж оролдов. мөн өөрий нь эсрэг тэмцэж буй ажилчдаа цуглуулан та нарын цалинг 80-90 мянган төгрөг болгоё. Та нар тэр сэтгүүлчээ болиулчих гэж гуйж нэг үзээд дараа нь бүгдийг чинь хална, тэр сэтгүүчтэйгээ нийлээд ч намайг дийлэхгүй, би соцдемократ намдаа нөлөөтөй хүн гэж ч айлгаж үзжээ. \ Намын нэр гутаагч \
Зурагтаар ярилцлага өгөхөд бэлэн байсан нэг хүүхнийг ажилд ороход нь зуучилсан нөгөө Бямбаа даргаараа : тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг чи яахаараа Болдбаатарын минь эсрэг босоод байна гэх мэтээр загнуулаад дараа нь өөрөө баахан багсайсан мөнгө гаргаж чи ав, чи энэ явдалд бүү оролцооч гэж гуйж, эцэст нь айлгаж ул хөл хүндтэй байгаа тэр бүсгүйг элдвээр айлгаснаас тэр бүсгүй ярилцлага өгөхөөсөө татгалзжээ. Сэтгүүлч би анх түүнд : Өргөдлөө өгөөд өөрөө ажлаасаа татгалз. Тэгвэл надад бичих шаардлага алга гэхэд би хуулийн зөвлөхтэйгээ \ бодвол авгай нь байх \ ярьж байгаад шийдье, хоёул зохицъё гэсээр байгаад ийм материалыг Болдбаатар өөрөө бүрдүүлчихлээ. Үнэхээр ийм балай юм хийж байдаг хүнийг би ховор харсан байх. Өөрийнхөө эсрэг эсвэл үгүй гэдгээ заавал гарын үсгийг нь зуруулж байж баталгаажуулсан хойноо ажилчдаа гадагш гаргана гээд үүдээ хаагаад зогсчихдог эрүүл гэхэд хэцүүхэн дарганцар монголд олон бий гэж үү. Бүргэд ТВ-гээр бичлэг хийж байхад надаас бичлэгээ гаргахгүй байж чадах уу ? чадах бол хоёулаа тохиръё гэдгээ хэлсээр л байлаа. Ийм хачин хүнтэй нөхрөлдөг Бямбаа дарга ч сонин л байна. Ийм хүнийг өөрчилж чадаагүй Л.Зориг, Батбаяр сайд ч гэсэн...Зурагтын мэдээгээр гарсныхаа маргааш утасдан : Авгайн дүү Одэрдэнэ \ Цог-техком \ бид хоёрын бассейнд оруулсан 44 сая төгрөгийг чи хэзээ төлөх вэ ? чи миний сайхан амьдарлаар тоглолоо. Сайхан гэр бүлийг сарниуллаа. Чи дийллээ. Би одоо гэрээслэлээ бичиж байна! Машин доогуур чинь орж үхнэ гэж айлгав. Мөн нэг эмэгтэй ажилчиндаа утасдаж би 9 давхраас унаж үхнэ гэж айлгажээ. Бусдын гэр бүлийг үймүүлж, сарниулж, ажлаас нь халж талхны мөнгөнөөс нь салгаж байхдаа энэ хүн юу бодоо бол.Зурагтаар гарсаныхаа дараа өөрөө үгийг нь хэлж байгаад ажилчдаараа бассейны ажиллагаа сайн байна гэсэн зүйл бичүүлж гарын үсгийг нь зуруулж авчээ.
6. Усны Баяраа буюу Берингийн хоолойг сэлж
гатлахыг хүссэн анхны Монгол
Довдонгийн Баяраа гэхээсээ усны эсвэл Хөдөлмөрийн гэвэл спортынхон түүнийг андахгүй. Мөн загас баригчид явган аялагчид ч андахгүй. 1975 онд усны дасгалжуулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн анхны монгол хүн. Баавгай шиг булиа энэ эрийг 1967, 1969, 1970 онд болсон Улсын усны аварга шалгаруулах тэмцээнүүдэд ялах хүн байсангүй. Усны аварга шалгаруулах анхны гурван удаагийн тэмцээнд Хөдөлмөр нийгэлэг зөвхөн Баяраагийн ачаар байгууллагын дүнгээр гурав дарааллан түрүүлж байлаа. Ажилчны районд 17 наснаасаа өргөн төмөр замын депод уурын зуухны нүүрс ачигч, галч, токарьчин, Нэхмэлийн үйлдвэрт слесарь, Хөдөлмөр нийгэмлэгт ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга байсан. Д.Баяраа бага насаа Туул, Сэлэнгийн эрэг дээр өнгөрөөсөн бөгөөд үндэсний бөхөөр бол далай даян даяар дурсагдах усны аварга билээ. БТХ-ны спортын тэргүүний ажилтан, Загас сонирхогчдын нийгэмлэгийн шалгах комиссын дарга Монгол дахь усан спорт, явган аялалын спорт, загас баригчдын спортын түүхийг зөвхөн түүний хувийн архив цуглуулга альбомоос харахад л бараг хангалттай. Монголын усан спортын анхны аварга, усны анхны дээд сургууль төгссөн дасгалжуулагч, спорт аялалын анхны шүүгч, спорт аялалын хоёр дахь мастер, улсад 35 жил хөдөлмөрлөсөн энэ эгэл хүний гэрт нь мөнгөн аяга үнэт эдлэл байхгүй ч түүнээс илүү үнэтэй түүхийн баримт бий. 1975 онд Ленинградын БТДС-ийг усны дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөж ирснээсээ хойш МХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга усан спортыг дэмжиж байсан Л.Түдэвт санал хүсэлт тавьснаар Хүүхдийн төлөө фондын дэмжлэг, хөрөнгө орулалттайгаар анхны бассейн баригджээ. Бассейны шав тавихаас эхлээд 1997.2 сар хүртэл нийт 12 орчим жил ажиллахдаа олон мянган хүнд усанд сэлэлтийг зааж сурган, олон арван шавь, шавийн шавьтай болжээ. Мөн гол уснаас дөрөв таван хүнийг аварч байсан. Живсэн хүний цогцыг орос цэргүүд уснаас гаргаж чадахгүй байхад Баяраа бгш л гаргадаг байсан цаг саяхан. Хаагдсан нурсан уурхайн гүнээс живсэн цогцос гаргахад мөн л Баяраа багш шавь нарынхаа хамт явдаг байсан. Ууган шавийнх нь анхны шавь 1996 онд Москвад БТДС-ийн усан дасгалжуулагчийн ангийг төгсөж ирээд бассейнд ажиллаж байтал өнөөх хачин хүн саяхан халчихлаа. Олон сурагчдын нь хайрладаг нэр Баяраа-багшийн санал, хүсэлт, дэмжлэг оролцоотойгоор УБДС-ийн дэргэд усны анги нээн анхны 11 хүний нь төгсөлт болжээ. Мөн усны аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахад амь биеэ хайхралгүй зүтгэснийг нь үнэлж Баяраа багшийг 2 шавийнх нь хамт Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасан байлаа. Уснаас авран хамгаалах салаа байгуулахад мэргэжлийн гүн туслалцаа үзүүлсэнд нь талархсан УЦСЕГ-ын жуух бичиг, БНМАУ-ын Иргэний хамгаалалтын газрын хүдэт тэмдэг, БНМАУ-ын УАХБ-ын 60 жилийн ойн дурсгалын хүндэт тэмдгээр ч шагнуулж явлаа. Харамсалтай нь энэ хүн өөрийгөө Болдбаатар шиг рекламдаж чаддаггүй. Баяраагийн захирал байх үед АУИС, УБДС, МУИС, ЭЗ Коллеж, ХААДС, ТИС, ЦИС, ЦДС-ийн олон оюутан бассейнд зохион байгуулалтай орж, гэр хорооллын хүүхдийг Яармаг, Хайлааст, Чингэлтэй, Амгалангаас МХЗЭ-ийн унаагаар үнэгүй авчирч, үнэгүй усанд оруулдаг байсан. Харин одоогийнх шиг ЭМНХЯ, Хотын захиргааны дарганцарууд, эрхэм гишүүд авгай хүүхдүүдийн хамт үнэгүй цаггүй орж байсангүй. Гэр хорооллын хүүхдүүд ядахдаа хирнээсээ салчихдаг байлаа. Ороь нөхдийн хамт 1991 оны 3-р сард Хөвсгөл нуурын мөсийг хагалан 25 метрийн зайд сэлж байлаа. Хорин хэдэн настай шавь Батэрдэнэ ньТэрхийн Цагаан нуурыг зуны дэлгэр цагт сэлж гатлаад ирэхэд нь : " Хэлэхгүй яасан юм бэ? Үхвэл яанагэж загнаж байсан мөртөө 1991 оны 6-р сард ЗХУ-д болсон Байгаль нуурыг хөндлөн сэлэх олон улсын марафон буухиа сэлэлтэд \ Ус +3 +4 С байлаа \ Баяраа багш 46 насандаа Монголыг төлөөлөн амжилттай оролцоод ирж байлаа. Тэр үеийн оросын хэвлэлүүдэд монгол хээр, тал говь, мориноос гадна усанд сэлж чаддаг хүн байдаг юм байна гэж бичиж байлаа. Мөн оныхоо 7-р сард Берингийн хоолойг сэлж АНУ хүрэх сэлэлтэд уригдан УБ-д байгаа АНУ-ын элчин сайдын яамнаас виз даруулж авсан боловч хөрөнгө мөнгөгүй \ 2000-3000 доллар \ улмаас явж чадсангүй. \ Эрхүү хүрээд л буцжээ \ . Уг нь Болдбаатар шиг " аргатай " бол дэлхийг тойроод сэлэхэд ч бэлэн хүн бол Баяраа багш яах аргагүй мөн. Монголд усан спортын анхны зэрэг цолыг өөрөө баталж гаргаад шавь нараасаа 4 мастер, 11 дэд мастер төрүүлж, харин өөрөө Баяраа багш гэсэн эрхэм нэртэйгээ үлджээ. Нөгөө хачин хүн байсан бол усны олон улсын мастер цолыг өөртөй олгочихсон байсан байх болов уу.
Монгол талаасаа Бумаа гэдэг шиг Монголын нэг номерын усчин энэ хүн одоо хаана явна. Яруу найрагтаа үнэнч Чойном шиг усандаа амьдрал, бие сэтгэлээ зориулсан энэ хүний хувь заяа Чойномынхоос нэг их илүүгүй байна.
1997 оны 2-р сард ажлаасаа халагдсанаас хойш бараг хоёр жил шахам ажилгүй \ дээдчүүд тал засдаггүй, дарга нартайгаа шулуун шударга харьцдагийнхны " гай " нь \ явсаар одоо хувийн нэгэн угаалгын компанийн жижүүр түр хийж амьдралаа залгуулж явна. Яагаад ?
Улсын хөрөнгө идсэн, бассейныг хөлдөөсөн нэр авч халагджээ. Унгарт гутлын мэргэжлээр дээд сургууль төгссөн авгай нь Чехэд 2 жил хүүхдүүд авч яваад 1990 онд ирэхдээ 1978 онд үйлдвэрлэсэн мотор нь эвдэрсэн Москвич 412-ийн сэг олж ирж. 45 насандаа хувийн машинтай болсон Баяраа багш 2 жил ноцолдон, өр шир тавьж нөгөөх машинаа босгосон авч жолооны үнэмлэх байдаггүй. Жолооны курст суралцах шаардлагатай байдаг. 40.000 төгрөг байхгүй тул бассейны данснаас шилжүүлчихээд, дараа нь түүнийгээ эргүүлж хийхээ мартчихаж. Энэ нь 1997 онд шалгалтаар илэрч баларчээ. Баяраа багш энэ тэргээрээ бассейны бүх ажлыг хийдэг байлаа. \ труба зөөх, хлор, цэвэрлэгээний материал олж ирэх, ажилчдын элдэв ажилд туслах зэргээр \ . Тэр бол үнэндээ бассейны аж ахуйн тэрэг байв. Тос бензин бүгдийг хувиасаа гаргана. Бассейны ажлын морь байсан энэ унааы хөлсөнд Баяраад 40.000 биш 400.000 төгрөгийг өгсөн ч багадах байж. Гэтэл хүнийг халахад энэ бүгд падгүй. Ингээд л өнгөрч дээ. Өөр нэг ноцтой шалтгаан бол Баяраа захирлын үед бассейнд 3 хүн живж нас баржээ. Нэг нь : тархины өвчтөй хүн сэлж байгаад нас барсан . \ "Эрүүл, орж болно" гэсэн зөвшөөрөл өгсөн эмчийг ч буруутгах аргагүй \ Нэг жижүүр нь хүүхдээ бассейнд оройн цагаар дур мэдэн оруулж байгаад живүүлжээ. Өөр нэг слесарь бассейнд ус тавьж байхдаа сэлэх гэж \ уг нь хориотой \ байгаад өнгөрч. Энэ бүгдэд Баяраа шууд буруутай юу ? Цагдаа буу алдаад хүний амь эрсдэхэд Цагдаагийн газрын даргыг халж байсан тохиолдол байгаагүй шиг санагдах юм. Мөн хөлдсөн трубаг өөрсдийн хүчээр солих гэж ээлжийн амралттай байсан ажилчдаа дуудан ажиллуулаад тэдэнд давхар цалин өгсөн гэж шалтаглуулжээ. Ингээд л бассейны засвар дуусахын өмнөхөн халагдах нь тэр. Ажилгүй байсан хоёр жилдээ ямбий Москвичаараа халтуур хийх боломжгүй тул түлээ, нүүрс, сүү вокзалаас зөөж гэр бүлээ тэжээдэг байжээ. Тэр машин нь 3 өдөр яваад 4 өдөр засвар хийлгэх шаардлагатай. Хөөрхий...
Усны Баярааг бассейны захирлаас халсанаас хойш Монголын усан спортын сэргэн мандалт мөхлөөр солигдлоо. 70 настай Жасрай төр барилцаад болж байхад 53-тай Баяраа 25 хүнтэй бассейн удирдаад байж болохгүй гэж үү ? Сонин сайдаа !
7. ДҮГНЭЛТ
Монголд усан спортыг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэл гаргаж буй Баяраа багш болон олон түүний шавь \ 80 хувь нь бассейнаас халагдсан \ нараас өөр хүн алга. ЭМНХЯ-ны хурган дарга Бямбаа хүртэл Болдбаатарыг л өмгөөлнө. Мэргэжлийн бус хэнийг ч томилсон ажлыг нь нурааж, зөвхөн хувийн ашгийг бодох болно. Бассейн нь ЭМНХЯ, эсвэл улсын биеийн тамирын хорооны, ЗСТ-гийн мэдэлд байх нь зөв үү ? гэдгийг ч оновчтой тогтоох цаг болжээ.
Улсын хөрөнгөөр хувийн бизнес хийдэг " дарганцар " нартай хэн тэмцэх юм бэ ? ТӨХ, ТХШХ, ЭМНХЯ-ны санхүүгийн алба, Цагдаагийн ЭЗ-ийн алба хаана байна.
Хүний эрхийн асуудлын хамгийн эмзэг хэсэг нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бөгөөд үүнийгээ хуулиар нарийнвчлан зааж өгөх шаардлагатай байна. Дарга, эзэн нь захиргаандаа байгаа эмэгтэйчүүдийг дарамтлахад ихэвчлэн нотлох гэрчгүй, батлах хэцүү, мөн эмэгтэйчүүд нь ажлаас халагдхаасаа айж, бусдаас ичиж зовон хэд хаана, яаж хандахаа мэдэхгүйгээс, мөн энэ талаар нарийвчилсан хууль байхгүйгээс ийм асуудлыг манайд шийдвэрлэхэд үнэнхүү бэрх боллоо.
Клинтон Левинскийг худал мэдүүлэг өг гэж шаардсаны үнэн худлыг тогтоох гэж АНУ даяар жил гаруйн турш юу болж байв ? Шударга ёс хүний эрхийг хамгаалдаг Ардчилсан оронд нарийн бичгийн дарга эмэгтэйгээ бараг л жогтойхон харсны нь төлөө ажлаас нь халж хэдэн сая-ын торгууль тавьдаг. Нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдээ сарын дотор халж сольж, авгайд нөхрийг нь, нөхөрт авгайг нь гүжирдэн муучилж, гэр бүлийн амьдарлыг сарниулж буй дарангуйлагч, хормойн донтонтой \ магадгүй өвчтөй \ тэмцэх ёстой шүүх, цагдаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд, ЭМНХЯ, Шар-Хадны больниц хөдлөх цаг болжээ. Болдбаатарын үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 14, 28, 32, 26, 55, 110, 112, 113, 114, 117, 118, 119, 126, 192, 196, 198- р зүйлийн зохих заалтуудыг хөндөж байгаа болов уу. Секс донтон, хормойн донтны удирдлаганд ажиллаж буй олон мянган эмэгтэйчүүд сэрэх цаг болсон биш үү !!
Жич : Энэ талаар 1999-2-20-ны өдөр Монгол телевизийн ММ агентлагийн хариуцлагатай редактор Алтанцэцэгтэй ярихад : " Манайх улс төр, мэдээллийн программ тул хэрүүлтэй зүйлийг авахгүй " гэж мэдэмхийрэв. Харин энэ асуудлын талаар зохих мэдээллийг нэвтрүүлж өгсөн Бүргэд ТВ-гийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Хүний эрх шударга ёсны төлөө
хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Г.Арслан.
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3379)
|
Сэтгэгдэл
(5)
Сэтгэгдлүүд : | 1 |
1.
ARSLAN :
Mon Dec 15, 2008 20:11
SAnaa zovoltgui ee.End garch bgaa too hudal too. Erh barigchdad evgui zuil bichiheer news.mn-n admind deerees daramt shahalt ugch bna gesen.Arslan.blog.mn-g zoohon hun uzej bgaa met haruul gej daalgavar ugsun gesen. Ene too nad padgui.Namaig demjdeg n byy hel eserguzdeg Ta ch blog-g min uzej bna gedeg l nad taalagdaj bna.ARSLAN
2.
dulguun :
Sat Dec 13, 2008 10:38
sanaadgui ene saitad orj uzsen chin gants hun toodoggui sait yum bishuu hahaha
3.
Мы :
Fri Dec 12, 2008 20:22
тема очень актуальна сейчас, не такл ли?
4.
Fan :
Fri Dec 12, 2008 16:35
напишу и у себя в блоге
5.
ууганцэцэг :
Wed Dec 03, 2008 09:39
сайхан
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment