Г.Арслан: МАХН 100 мянган “нинжа”-гийн асуудал хөндөгдөхөөс айж байна
Хэвлэх хувилбар | Танилдаа илгээх
Өдрийн Сонин
2008/01/04 - 09:12, Баасан гараг
Хонгор сумын иргэд үнэхээр хордсон гэдгийг төр засгийн эрхэм түшээд өөрийн эрхгүй хүлээж байгаа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа тэргүүтэй гишүүд Хонгорын байдалтай танилцахаар явах болсон ч баярын дараа болъё гээд хойшилсон. Харин иргэдийн хөдөлгөөнийхөн тус суманд очоод иржээ. Энэ талаар “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслантай ярилцлаа.
- Хонгор суманд яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?
- Иргэдийн өвчлөл буураагүй. Харин ч улам хүндэрч байна. Тухайлбал, дөнгөж сая ирсэн мэдээллээр 20 орчим настай эмэгтэйн хүүхэд нь хэвлийдээ амьгүй болсон байна. Мөн нэг сартай хүүхдийн бие дээр юм туураад хагалгаанд орохоор аймгийн төв орсон, хоёр иргэн даралт нь ихсээд нас барсан, мөн хоёр хүн цус харваад бие нь хүнд байгаа. Хэдийгээр даралт гэж оношлоод байгаа боловч үнэн хэрэгтээ хордсон л хүмүүс байгаа шүү дээ. Мөнгөн усанд хордсон хүний даралт ихэсдэг юм байна лээ. Хүн гэлгүй малын тоо ч хорогдсоор байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ямаанаас хоёр ихэр үсгүй ишиг гараад үхжээ. Би очоод хэдэн цаг болоод ирэхэд л толгой эргээд, бие сулраад, нүд улайсан. Очоод нэг ч хоноогүй байж ийм хүнд байдалд орлоо.
- Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур танай хөдөлгөөнийхөн Хонгорын иргэдтэй хамт зам хаасан гэсэн?
- Тиймээ, бид нэг цаг орчим зам хаасан. Тэр өдөр Хонгорын 300 гаруй иргэн хуралдаж цаашид хэрхэн тэмцэх талаар ярилцсан юм. Тэгээд хурлын төгсгөлд бүх иргэн зам хаасан. Мөн олон улсын хараат бус шинжээчдийг авчирч, үнэн зөв дүгнэлт гаргахыг шаардаж өчигдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд гэр барин сууж эхэлсэн. Одоогоор 15 хүн сууж байгаа. Цаашид нэмэгдэх болно. Хэдийгээр хүйтэн цаг ч нааштай хариу өгөх хүртэл үргэлжлүүлэх болно. Ер нь манай улсад Хонгорын байдлыг үнэн зөв шинжилж чадахгүй байгаа хойно гадны шинжээчдийг урьж ирүүлэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил юм. Шинжээчдийг авчрахад төрөөс ямар ч зардал гарахгүй шүү дээ. Мөнгөн усанд хордсон гэдэг нь нотлогдвол иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй юм. Дараа нь хариуцлага тооцох ёстой хүмүүст арга хэмжээ авна биз. Мөн тус сумын Засаг даргыг хууль бусаар ажлаас нь чөлөөллөө гэж иргэд нь гомдолтой байсан. Цагдаа дагуулж ирээд л тэдний саналыг харгалзахгүй сольсон юм байна.
- Ерөнхий сайд С.Баяр Хонгорт очно гэж байсан. Яагаад хойшлов?
- Баярын өмнө С.Баяр Хонгорт ирэхээр боллоо гээд л иргэд нь шуугиад байсан. Тэд долоо хоног манай суманд амраач ээ гэж урьсан юм байна. Харин Ерөнхий сайд хордоно гээд айсан уу, яасан юм бүү мэд. Ямар ч байсан баярын дараа болъё гээд хойшилсон юм байна лээ. МАХН одоо болтол Хонгорын иргэдийг хордсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь учиртай юм. Хэрвээ зөвшөөрвөл алт угааж байсан 100 мянган “нинжа” нарын эрх ашиг хөндөгдөх болно. Тэдгээр “нинжа” нар ямар нэг хэмжээгээр хордсон л байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ оны сонгуулиар Ху намд санал өгөх хүн олдохгүй гэсэн үг. Үүнээс айгаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Х.Цэнд-Аюуш
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3768)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment