Thursday, February 11, 2010

2010 оны 2-р сарын 14, 15-ны "хоёр ширхэг" шинийн нэгний алинд нь монголчууд Шинэ оноо тэмдэглэвэл зөв бэ?

2010 оны 2-р сарын 14, 15-ны "хоёр ширхэг" шинийн нэгний
алинд нь монголчууд Шинэ оноо тэмдэглэвэл зөв бэ?


Оршил үг
1990 оны “их шуурганаас“ хойш манай улсын нийгэм - эдийн засаг, ялангуяа боловсрол их сүйрлийн ирмэг дээр ирж, хорин жил өнгөрөв. Энэхүү их сүйрлийн нэгэн илрэл нь, “эрдэмтэн мэргэд”, “ид шидтэй хүмүүсийн” тоо, тоймгүй болж, тэдгээрийн “ачаар” сүүлийн арав гаруй жил цаг тооны бичиг олноор хэвлэгдэн гарч, монголчууд гэнэтхэн Шинэ оноо хэзээ тэмдэглэхээ мэдэхээ байв.

Юуны өмнө, эрдэмт өвөг дээдсийн маань зуун зуунаар тоологдох оюун ухааны нэгэн бүтээл болох Одонорон судлал,Одонзурхайг хэсэг бүлэг хүмүүс, сүүлийн арав гаруй жил ард түмэнд ямар байдалтай сурталчилж, ойлгуулахыг оролдож байгааг сонирхоё.
Шинжлэх ухааны тал болох, одоноронсудлалаас хол нэг хэсэг нь Нар-Сарны хөдөлгөөн дээр суурилсан одонзурхайн цаг тооны бичгийг мэргэ төлөгтэй хутган шинжлэх ухааны ямарч үндэслэлгүй, “бүдүүлэг“ түвдүүдийг дууриан “бүдүүлэг “ монголчууд шинэ оноо буруу тэмдэглэж байна хэмээн хариулж сууна.
Энэ бол худал.
Харамсалтай нь шинжлэх ухааны, одоноронсудлалд их ойрхон нэг нь өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн, "Одонорон судлал" хэмээх монгол хэлний нэгэн чимэг болсон нэрийг Астроном (Одны хууль) гэсэн Гереег үгээр солиод зогссонгүй, Одонорон судлалын нэгэн салбар тэнгэрийн эрхсийн физик судалгааны (европ хэлнээ Астрофизик – Одны физик) байрыг солихыг бас л оролдож байна. Зүйрлэж хэлбэл, хүүгээс аав, ээж нь төрөөд зогссонгүй, хүүгээрээ овоглож байгаатай нэгэн адил. Цааш нь Одонорон судлал Нар төвт системийг ашигладаг, харин Одонзурхай Дэлхий төвт системийг тооцоондоо ашигладаг тул буруу гэж хэлж үзсэн билээ. Энэ бүгд бол аргаа барсан зүйл.
Өнөөдөр Одонорон судлалын тэнгэрийн мандал дах эрхсийн байршлыг хэвтээ чигийн болон экваторын координатын системд тооцон боддог. Одонорон судлалын бүх дуран авайнууд зөвхөн энэ хоёр систем дээр тулгуурлан ажилладаг нь зүгээр л Дэлхийн ажиглагчийн хувьд маш тохиромжтой систем учраас тэр.
Энэ нийтлэлд, зөвхөн Дэлхий төвт координатын системийн хүрээнд яриа явагдах болно.
Голын нөгөө эрэг дээр байгаа “эрдэмтэн мэргэд”, “ид шидтэй хүмүүс” Америкийн агаар, сансрын нислэгийн удирдах төвийн (NASA) тооцоотой тэдгээрийн зурлага яв цав таарсан гэж ичих ч үгүй ард түмэнд сурталчилж байлаа (Тэрбиш ба түүний комманд). Энэ бас худал.
Эцэс сүүлд нь, нэгэн “гудамжны этгээд” янхантай зүйрлэн бичсэн нь бичих юмаа олж ядсан төдийгүй өвөг дээдсийн маань оюун ухааны бүтээлийг доромжилж байгаа хэрэг. Түүнд бичих зүйл зөндөө баймаар юм. Жишээ нь, Сарны хөдөлгөөний онолын 100-р гишүүний талаар ч юм уу...

Нийтлэлдээ "Монголчууд хэзээ Шинэ оноо тэмдэглэх нь зөв бэ?", "Яагаад цаг тооны бичигт заримдаа өдөр тасарч, давхарддаг юм бэ?", "Яагаад монголын цаг тооны бичиг хятадынхаас зөрдөг юм бэ?", "Илүү сар гэж юу вэ?" гэх мэт асуултуудад зөвхөн одонзурхай - одонорон судлалын тэнгэрийн механикийн ойлголтын хүрээнд товч хариултыг өгөх болно.
Цаг тооны бичгийн одонорон судлалын үндэс
Нар - Сарны хосломол аливаа цаг тооны бичгийн одонорон судлалын үндэс нь Дэлхийн Нарыг тойрох хөдөлгөөн, Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөн, Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн гэсэн гурван үзэгдэл дээр үндэслэгдсэн байдаг.
Нэгдүгээр үзэгдэл
Тэнгэрийн мандалд аливаа эрхэс тэнгэрийн хаяанаас мандан хөөрсөөр, хамгийн өндөртөө гаран, удалгүй доошилсоор жаргадаг. Энэ бол Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний тусгал юм. Бүтэн тэнхлэгээ эргэх хугацаа 23 цаг 56 минут 4.1 секунд.
Энэ хугацааг нэг хоног болгон авдаг.
Удаах үзэгдэл
Хүүхэд ахуй наснаасаа бид шөнийн цэлмэг тэнгэрт Дэлхийн дагуул - Сарны арвитал, хомсдлыг ажиглаж ирсэн шүү дээ. Нэгэнтээ, одот тэнгэрт шилжин хөдлөх хавирган Сарны гэрэл ихэссээр тэргэл (бүтэн) Сар болоод, дараа нь багассаар үзэгдэхээ байдаг. Энэ бол Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөний тусгал юм. Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөн, хугацааны хоёр утгыг тодорхойлох боломжийг олгодог. Сар Дэлхийг нэгэн бүтэн тойрон эргэх хугацаа дунджаар 27.32 (27.3217) хоног. Харин нэг тэргэл Сарнаас дараагийн тэргэл Саран болтол дунджаар 29.53 (29.5306) хоног шаардагдана. Эхний тоо нь Дэлхийн ажиглагчийн хувьд, алсын одтой харьцангуй Сарны тойрон эргэх хугацааг хэмжссэн утга бол дараагийн тоо нь Сарны Нартай харьцангуй Дэлхийг тойрон эргэх хугацааны утга болно.
Энгийн жишээн дээр тайлбарлая.
Тухайн сарын тэргэл Сарнаас дараа сарын 13-ны Сар хүртэл Сар маань Дэлхийгээ нэгэнтээ бүтэн тойрсон байна. Харин тэргэл Саран болтол дахин 2.20893 хоног хэрэгтэй. Учир нь Дэлхийн Нарыг тойрох хөдөлгөөнөөс шалтгаалан зөрүү 2.20893 хоногийн дараа Сар “гүйцэж түрүүлэх” мэт хөдөлгөөнийг хийн, тэнгэрийн мандалд, дараагийн тэргэл Сарны байрлалд хүрэлцэн ирдэг юм.
Нэг сарын үргэлжлэх хугацааг дунджаар 29.53 (29.5306) хоног болгон авдаг. Энэ хоёр хугацааг зөвхөн Сарны болон Нар-Сарны хослосон цаг тооны бичигт
сарын хугацааны үндсэн нэгж болгон авдаг.
Гуравдугаар үзэгдэл
Нарыг тойрох Дэлхийн хөдөлгөөн. Бүтэн тойрох хугацаа нь өнөөгийн хэмжилтээр дунджаар 365.2422 хоног. Тэнгэрийн мандалд Наран нэг жилийн хугацаанд шилжин хөдөлдөг билээ. Үнэн хэрэгтээ энэ нь Дэлхийн Нарыг тойрон эргэх хөдөлгөөний тусгал юм. Энэ хугацааг Нарны, Сарны болон Нар-Сарны хослосон цаг тооны бичигт жилийн хугацааны үндсэн нэгж болгон авдаг.
Дэлхийн ард түмний нэг хэсэг нь Нарны үзэгдэх хөдөлгөөн дээр, нөгөө хэсэг нь Сарны үзэгдэх хөдөлгөөн дээр үндэслэн өөр өөрсдийн цаг тооны бичгийг зохион хэрэглэж ирсэн. Харин еврейчүүд, энэтхэгчүүд, түвдүүд, монгол болон хятадууд Нар, Сарны хослосон цаг тооны бичгийг хэрэглэдэг билээ.
Сарны болон Нар, Сарны хослосон цаг тооны бичигт байгаа тоо болгон нь тэнгэрийн мандалд ажиглагдах Нар ба Сарны хөдөлгөөний тухайн хугацааны эгшин дэх байрлалыг харуулж байдаг. Илүү сар, өдөр давтагдах, өдөр тасрах нь Грегорийн календарийг хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд утга үгүй мэт боловч мөн чанартаа Дэлхийн Нарыг тойрох, Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөнийг харуулж байдаг.

Алхам алхмаар
Манай Дэлхийтэй төстэй өөр нэгэн гариг өөрийн Нараа 360 хоногт, харин түүний дагуул Сар гаригаа 30 хоногт тус тус жигд тойрон эргэдэг гэж бодъё.
360-ыг 30-д хуваахад үлдэгдэлгүй 12 гарч, тэр гаригийн нэг сар 30 хоногоос, нэг жил нь 360-н хоногоос бүрэлдэх болно.
12 сараас тогтох Сарны цаг тооны бичиг нь Нарны 360-н хоногоос бүрэлдэх цаг тооны бичигтэй тохирон Нар-Сарны “их сайхан” хослосон цаг тооны бичиг зохиогдохсон...
Харин манай гариг дээр нэг жил 365.2422, нэг сар 29.5306 хоног тус тус дунджаар үргэлжилдэг болохыг саяхан бид мэдэж авсан. Дээрх хоёр тоог хуваахад нэг жил
дунджаар 12.37 сартай тэнцэнэ. Бутархай 0.37 “сар” гурван жилд цугларч ойролцоогоор нэг илүү сарыг үүсгэнэ.
Грегорийн календарийн нэг жилийн (365.25) бутархай 0.25 “хоног” дөрвөн жилийн дараа цугларан илүү нэг хоногийг үүсгэдэг. Энэ илүү хоногийг 2-р сард нэмэн, 366 хоногоос бүрэлдэх өндөр жилийг Грегорийн календарт гаргаж авдаг. Харин Монголын Нар - Сарны цаг тооны бичигт илүү сараа дуртай газраа байрлуулдагүй, зөвхөн Нар, Сарны хөдөлгөөнийг үндэслэн тооцоондоо тусгадаг. Ийнхүү монгол, хятадын цаг тооны бичгүүдийн, тухайн жилийн илүү сараас шалтгаалан нэг сарын зөрүүтэй шинэ оноо тэмдэглэдэг болно.
Уламжлалт цаг тооны бичигт (лото-лит) тэнгэрийн мандалд үзэгдэх Нар, Сар болон таван гаригийн байршлын одонзурхайн (мэрэг төлөгтэй бүү андуур) тооцоог зөвхөн багтаадаг байв. Хожим Цаг тооны бичигт Буддын шашны ("религий"-тэй бүү хутган холь) зан үйлийг ихээр тусгадаг болж, улмаар одоноорон, одонзурхайн цаг тооны бичиг гэсэн сонгодог хэлбэрээ алдсан билээ. Үүнээс болж сүүлийн жилүүдэд өөрсдийгөө ”зурхайч”, ”судлаачид” гэж өргөмжилсөн хүмүүс олноор гарч ирэв. Энэ байдал нь сүүлийн арав гаруй жил газар авсаар, улмаар эрдэмтэн өвөг дээдсийнхээ оюун ухааны бүтээл, Монгол улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон, Цаг тооны бичгээ Чингис хааныхаа нэрээр бамбай хийн, манж-хятадын цаг тооны бичгээр солих дээрээ тулав.
Үүний нэгэн тод жишээ нь, бараг жил бүр “Аль Цагаан сар нь зөв бэ?“ гэж хүмүүс надаас нэг бус удаа асуудаг. Уул нь, “Аль цаг тооллоор бид Цагаан сараа тэмдэглэх нь зөв бэ?“ гэж асуувал зүйтэй юм.(ингэх дээрээ тулах ч гэж дээ)
Эртнээс манай газар нутаг дээр олон үндэстэн ястан аж төрөн, өөр өөрсдийн зан заншлаараа шинэ оноо угтаж ирсэн түүхтэй...
Жишээ нь, монголын Цаг тооны бичгийн сар бүрийн 29-ний өдөр нь хятадын битүүний өдөртэй, харин битүүний өдөр маань хятадын шинийн нэгэнтэй таардаг.
Гайхах зүйлгүй. Ердөө цаг тооны бичгийн тооллын эхлэл нэг өдрийн (хэрэв өдөр тасарч, давтагдаагүй бол) ялгаатай байна гэсэн үг л дээ. Энэ нь, бидний битүүний өдөрт хятадууд шинэ оноо угтаж байдаг.
Өөр жишээг авч үзье.
2001 оны 1-р сарын 24-нд хятадын, 2001 оны 2-р сарын 24-нд манай Шинийн нэгэн тус тус болж байв. Учир нь, бидний цаг тооны бичгийн улирч байгаа жил нь намартаа илүү сартай учраас нэг сарын зөрүү гарч байна.
2007 оны 2-р сарын 18-нд манай болон хятадын шинийн нэгэн, нэг өдөр тохиолдож байсан. Учир нь, улирч байгаа жилийн өвлийн адаг сарын шинийн хоёрон тасарч, бидний тооллын эхлэл нэг өдрөөр хойшилж байна. Хамгийн гол нь Шинийн нэгний Сар 18-ны өдөрт багтан шилжсэн байна.

Энэ жилийн хувьд, Нар - Сарны одонзурхайн тооцоогоор, 2-р сарын 13-нд “битүүн”, 14-нд “шинийн нэгэн”, маргааш нь 15-ны өдөр бас л Шинийн нэгэн болно. Сонирхолтой нь, хоёр оны зааг дээр шинийн нэгний өдөр давтагдаж байна. (дараа жил бас тохиолдоно) Өдөр тасрах, давхардах нь Сарны Дэлхийг эллипс замаар тойрон эргэх жигд бус хөдөлгөөний илрэл гэж эхний ээлжинд ойлговол зохино.

Аль шинийн нэгэнд нь монголчууд бид Шинэ оноо угтах вэ?
Магадгүй ихэнх хүмүүс яагаад хоёр шинийн нэгэн гараад ирсэн юм бэ? гэж гайхан асуух байх. Энэ жил:
нэгд, улирч байгаа жилийн өвлийн адаг сарын 18 тасарч, бидний тооллын эхлэл нэг өдрөөр хойш “татагдав”.
хоёрт, 2-р сарын 13-наас 15-ны хооронд Сар тэнгэрийн мандалд алгуур удаан шилжинэ. Энэ нь 30-ны Сарыг (харагддагсан бол) эхний шинийн 1-ний Сараас ялгах бололцоогүй гэсэн үг юм. Хэдий тийм ч удаах шинийн нэгний Сар Дэлхийрүү ойртох хөдөлгөөнөө эхлэх тул тэнгэрийн мандалд харьцангуй хурдан шилжинэ.
гуравт, өдөр тасрах, давхардах нь Одонзурхайн бодох өдрийн дугаарт харгалзах гариг болон Нар, Сарны хоорондын тухайн цаг хугацааны эгшин дэх өнцөгийн зайн утгуудын шүтэлцээг харуулдаг. Нар-Сарны одонзурхайн тооцоогоор энэ жил эхний битүүний өдөр нэгийн тоо, шинийн нэгний өдөр бас нэгийн тоогоор харгалзан илэрхийлэгдэж байгаа болно.

Тэгвэл аль нэгийн тоог жинхэнэ Шинийн нэгэн гэж үзэх вэ?
Саяхан зурагтаар Гончигсүрэн,Тэрбиш гэдэг хүмүүс, 2010 оны 2-р сарын 14-ний эхний “шинийн нэгэн” Монголын Цагаан сар хэмээн ард олонд нэгэн ойлголтыг өгсөн гэнэ. Энэ нь цаанаа монголын ард түмний уламжлалт Цагаан сарыг манж-хятадын цаг тооны бичгээр тэмдэглүүлэхийг уриалж байгаа хэрэг юм.
Тэгвэл бүгдээрээ Одонорон судлалын тэнгэрийн механикийн аргаар Нар ба Сарны байршлыг тооцсон үр дүнгийн тусламжтай, аль нь Монголын Цагаан сарын жинхэнэ шинийн нэгэн болохыг шалгаж үзье.
Жич: Харьцуулан шалгаж буй Нар, Сарны Дэлхий төвт шар замын хавтгайн координатуудын тэнгэрийн механикийн тооцооны нарийвчлал Нарны уртрагын хувьд манай эриний өмнөх 2000 оноос манай эриний 6000 оны хооронд 1”, Сарны уртрагын хувьд 10” болно. (1” (1 нумын секунд) гэдэг нь тойргийг 3600-д хуваасан нумын өнцөгийн хэмжээ болно)

01. Нар Сарны байршил
Тооцоогоор 2010 оны 2-р сарын 14-ний Улаанбаатарын цагаар 10 цаг 53 минутанд Нар ба Сарны шар замын хавтгайн Дэлхий төвт уртрагууд тэнцэн, ялгавар нь "тэг" болно.
Ийнхүү Нар, Сар, Дэлхийн геометр төвүүдийн сүүдэр (проекц) Дэлхийн тойрог замын хавтгайд нэгэн шулуунд орж ирэх эгшинг монголчууд "битүүний өдөр эхэллээ" гэдэг.
Харин хятадууд, тэднийг дагагчид энэ өдрийг сарын эхний буюу нэгний өдөр болгон авдаг юм. Уул нь дээр үед европчууд битүүний Сарыг "хар бараан Сар" гэж анхандаа нэрлэж байгаад хэзээ ч юм, хэн ч юм бүү мэд дараа нь "шинэ Сар" гэж нэрлээд дасгаж орхиж. Энэ нэр томъёоны өөрчлөлтийн талаар Одонорны түүхийн бичигдэж үлдсэн баримтыг одоохондоо олж хараагүй байна.
Ямар ч байсан энэ өдөр Нар ба Сарны уртрагуудын утгыг үзвэл монголчуудын цаг тоолын "битүүний өдөр" байх нь.

02. Сарны арвитал, хомсдол
Битүүний өдөр Сар энгийн нүдэнд харагдахгүй. Тодорхой хугацааны дараа Сарны шар замын хавтгайн уртраг 12–12.19 градусаар ихсэн, шинийн нэгний Сар эхлэнэ.
Тооцоогоор 2010 оны 2-р сарын 15-ны Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутанд жинхэнэ шинийн нэгний Сар эхлэнэ. Нарийн хавирган Сарыг өдрийн цагаар нэгэнт харах бололцоогүй тул Нар жаргасны дараа яах бол гэдгийг сонирхоё.
Энэ өдөр Улаанбаатар одонорон судлах оргилын хувьд Наран 18 цаг 14 минутанд, Саран 19 цаг 40 минутанд тус тус жаргана.
Тэргэл Сарны гэрэлт талбайг 100% гэж үзвэл, тооцоогоор 18 цаг 14 минутаас 19 цаг 40 минут хүртэл Сар гэрэлт талбай 1.65–1.80% хүртэл арвидсаар жаргана. Монголын говь, хээрийн бүсийн нутгийн хүмүүс тэнгэрийн хаяанд ойрхон орших шинийн нэгний энэхүү “нарийхан хавирган” Сарыг илүү ажиглах бололцоотой. Шинийн нэгний Сарыг харна гэдэг маань Нар-Сарны хослосон цаг тооны бичгийн нэгэн шалгуур нь болдог. (Photo - 01) Харин хүчтэй шалгуур нь Нар, Сарны хиртэлт байдаг. Арвидаж буй Сарны гэрэлт талбайн хэмжээг үзвэл удаах нэгэн нь жинхэнэ шинийн нэгний өдрийг зааж байна.
Ийнхүү Одонорон судлалын тооцоогоор, 2010 оны 2-р сарын 14 үнэн хэрэгтээ Битүүний өдөр, харин 2010 оны 2-р сарын 15 Монголын Цагаан сарын жинхэнэ шинийн нэгний өдөр нь болж байна.
(Photo - 02)

Аль шинийн нэгэнд нь монголчууд бид Шинэ оноо угтах вэ?
Энэ удаа уншигч танаас асууя.
Дотны нөхдөөсөө сураг сонсох нь 2010 оны 2-р сарын 14-ний өдөр монголчууд манж-хятадын тооллоор Цагаан сараа тэмдэглэх нь бололтой.

Түүхийн хуудсыг хайн байж эргүүлэн үзэхэд, монголын цаг тооны бичиг 1027 оныг эхлэлээ болгон авсан байдаг. Архивын нэгэн материал дээр, монголчууд манжийн дарлалын үед төрийн албан хэргийг тэднийхээр, харин эртний уламжлалт өөрсдийн цаг тооны бичгээ зөвхөн хүрээ хийдүүдийн болон ард олны хувийн хэрэгцээнд зориулан ашиглаж байсан тухай өгүүлсэн байлаа...

1911 онд бидний орших, эс оршихийг Орос, Хятад улсууд шийдэж байх тэр хэцүү мөчид, Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө монголын арван нэгэн төлөөлөгч амиараа дэнчиж, 22 зүйлээс бүрдэх гэрээг батлуулсан билээ. Гурван улсын гэрээний 4-р зүйлд, эрдэмт өвөг дээдсийн минь оюун ухааны дээжсийг харийн халдлагаас хамгаалан, монголын цаг тооны бичгээ хэрхэн авч үлдсэнийг мэдэж болно... (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн О.Батсайханы “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны гэрээ (1911-1916)” судалгааны бүтээлээс дэлгэрэнгүй танилц)

2011 онд Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно..
Манай улсын түр засгийн эрх баригчид Их ойн жилдээ ард түмнийхээ Цагаан сарыг харийн цаг тооны бичгээр арай ч тэмдэглүүлэхгүй байлгүй!
Хэрэв 2010 оны 2-р сарын 14-ний өдөр монголчууд манж-хятадын тооллоор Цагаан сараа тэмдэглэх аваас, энэ нь Монголын тусгаар тогтнолыг сөнөөх гэсэн арчаагүй боловч маш аюултай оролдлогын нэг илрэл болно.
Түүхийн цаг хугацааны хэцүү бэрхийг туулж, бидэнд өвлөгдөн ирсэн Монголын цаг тооны бичгээрээ Цагаан сараа тэмдэглэх нь, тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн зоригт баатрууд, эрдэмт өвөг дээдсийнхээ өмнө өвдөг сөхрөн хүлээх бидний ариун үүрэг байх ёстой болов уу!

Франц хүн, суут математикч Анри Пуанкаре (Jules Henri Poincarй 1854 -1912)
нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. “...Амьдралын замаар хөнгөн гулсах хоёр арга бий.
Нэг бол бүх зүйлд итгэх, эсвэл бүх зүйлд эргэлзэх. Аль аль нь оюун ухааныг сэтгэх ёстой шаардлагаас нь чөлөөлдөг...”
Эмх замбраагүй энэ олон цаг тооны бичгийг гаргуулсаар, монголын ард түмний оюун ухааны сэтгэх чадварыг нь багалзуурдаж байна уу даа.
Амьдралдаа алддаггүй хүн гэж хаа байлаа. Хэрэв түр засгийн эрх баригчид алдаатай буруу хэлсэн бол ард түмнээсээ уучлал өчин, 2010 оны 2-р сарын 15-ны өдрийг Монголын Цагаан сарын Шинийн Нэгэн мөн гэдгийг зарлах аваас оюун ухаант, эрдэмт дээдсээ хүндэлж байгаагийн нэгэн илрэл болох учиртай. Монголын ард олон ойлгох болно.
Бидэнд жаахан ч гэсэн хугацаа байна
P.S:
1976 -1980 оны хооронд Монголын Пионер сурагчдын ордны дэргэдэх Одонорон судлах дугуйланд Р.Хорлоо (Дорноговь аймгийн Эргэлийн зоо-д төрсөн) багшийн минь санаачлагаар эхэлсэн, Одонзурхайн, Одонорон судлалын тэнгэрийн механикийн суурь судалгааны ажил 2000 оноос Улаанбаатар Одонорон судлах оргил дээр үргэлжлүүлэн хийгдэж байгаа болно...

Улаанбаатар Одонорон судлах оргил,
э.ш.а, Одонорон судлаач Тогоохүүгийн Баяраа
XVII жарны шороон үхэр жилийн өвлийн адаг сарын 24-25


99 04 92 47

No comments:

Post a Comment